Цагдаа нар торгуулийн орлогодоо л анхаарч байна
Цагдаа бол иргэд бидний хувьд төрийн хамгааалагч. “Төр буюу цагдаа намайг хамгаална” гэдэг шүү дээ. Харин цагдаа нарыг бидний эрхийг өмгөөлөх төрийн хамгаалагч гэдгээр бус торгож, шийтгэдэг төрийн яллагчийн дүрээр иргэдийн нүдэнд өртөх болсон нь нууц биш. Цагдаа нарт сар бүр торгуулийн хуудсын норм өгдөг. Тиймээс л ялангуяа сарын сүүлчээр цагдаа нар нормоо гүйцээх зорилгоор баахан торгуулийн “ажил” хийдэг бололтой. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хэлж байлаа.
“Жил жилийн төсөвт торгуулийн орлогын тухай заалтыг Сангийн яамнаас оруулж ирдэг. Торгуулийн орлого гэдэг дээр бодитой хандмаар байна. Торгуулийн орлогыг хэр олсноор нь ажлын идэвхийг дүгнэдэг. Торгуулийн орлогоор ажил дүгнэдэг аргачлалыг анхаарах хэрэгтэй” гэсэн саналыг ирэх оны төсөв хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Г.Бурмаа хөндсөн юм. Цагдаа нар иргэдийн эрхийг хамгаалах үндсэн үүргээ умартан торгуулийн ажилдаа анхаарал тавиад байгаа нь дээрээс тэдэнд тогтоож өгдөг нормтой нь холбоотой хэмээн тэрбээр тайлбарлав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ