МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүх хуралдаан хойшиллоо

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбилэгт, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг  өмгөөлөгч нарынынхан гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэхээр товлоод байсан.

Харин уг шүүх хурал энэ  сарын 13-ныг хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалж  шүүх хуралдаанд оролцохоор хүсэлт гаргасан 17 өмгөөлөгчийн 7 нь шүүх хуралдаанд ирээгүй байна. Мөн зарим өмгөөлөгч нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулах  хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дээрх хуралдаанд оролцох байсан 17 өмгөөлөгчийн 10 нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон аж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, ийнхүү шүүх хурлыг  хойшлуулжээ. Хуралдаан даргалагч Хуульчдын Их хурлаас баталсан Хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрмийн 4.5-д “хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа чухалчлах”-аар заасныг өмгөөлөгчдөд сануулаад цаашид шүүх хуралд хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг анхааруулсан байна.

 

"Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон  МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль  зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан билээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.

Мөн  МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан сүүлд шийдвэрлэж, цагаатгаад  байгаа юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

testtt:
test test test
2013-11-10