Улсын гарьд И.Доржсамбуу: Хардуулж, сэрдүүлж байхаар барилдахаа больдог ч юм уу гэж бодогддог

Монгол түмний их хайрыг дааж, зүлэг ногоон дэвжээгээ орхилгүй байнга дээгүүр даваанд шалгарч, үргэлж урагшаа давшиж барилддаг бөх бол улсын гарьд И.Доржсамбуу. Түүний нэр бөх сонирхогчдын дунд гэгээн, эрхэм зүйлийн илэрхийлэл болдог. Одоо гарьд маань спортын насаар бол ахмадад тооцогдож, эрийн хувьд бол ид насан дээрээ иржээ. Барилдах, бодох санах, хэлэх ярих нь ч ид тэгширч. Ингээд эрхэм уншигч та дэвжээ чимж, сэтгэл амирлуулсан нэгэн сайхан монгол эрийн ярилцлагыг таалан уншина уу.
- Гарьд аа, одоо ингэхэд нас хэд хүрч байна аа. Бид багцаа л бодож явдгаас нарийн мэдэхгүй юм байна? - За, ирэх жил 38 хүрнэ дээ.
- Спортын хувьд бас ахмад насанд тооцогдоно. Нас хэр мэдрэгдэж байна? - Мэдрэгдэх юм аа. Урьд нь 3-4 цаг бэлтгэл хийчихээд 1-2 цаг унтчихад сайхан амраад, тэнхээ орчихсон юм шиг санагддаг байж. Одоо бол үгүй шүү. Ер нь сайн л амрах шаардлага тавигдана.
- Танай үеийнхэн заалны барилдаанд үзэгдэх нь нэн цөөн болж. Одоо ер нь хэн хэн барилдаж байна аа? - Уг нь бидний үе гурван аварга /Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар/, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг гээд олон сайхан бөхтэй. Одоо бол Өсөхөө аварга, Б.Адьяахүү, У.Балжинням бид хэд л голцуу үзэгдэх болж. Зарим маань хааяа барилдана аа, гэхдээ.
- Барилдааны дараа бие хаа, гар хуруу өвдөнө биз. Тамирчин хүн эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог гэдэг? - Одоо ч гэсэн гар хуруу нил өвчин. Ер нь бөх барилдана гэдэг амаргүй. Жижиг гэлтгүй бэртэл үргэлж дагаж явдаг.
- Та ер нь хэзээнээс барилдаж эхэлсэн юм бэ. Одоо барилдаад хэдэн жил болж байна? - Хөдөө сургуульд байхдаа дээлээ урж л өссөн. Хоёрдугаар ангид байхдаа анхны албан ёсны барилдаандаа гарч байлаа. Ер нь биеэр үеийнхнээсээ арай том. 1990 онд цэрэгт татагдаад, дараа жил нь “Алдар”-ын ротод ирсэн. Б.Ганбаатар арслан намайг бөх болгохоор тийш авсан юм. Ингээд 1993 онд цэргийн заан, 1994 онд цэргийн арслан болсон. Ер нь “Алдар”-т ирсэн залуус бөх болдог юм шүү.
- Та эцэг эхийнхээ тухай хуучлаач. Бас багадаа ямар орчинд хэрхэн өссөн тухайгаа? - Манайх есөн хүүхэдтэй айл. Аав ээж минь нэгдлийн мал маллана. Ээж О.Даариймаа сум, аймгийн аварга саальчин. Харин аав гарын ур дүй сайтай. Нэгдлийн сандал ширээ гээд хийхгүй зүйл бараг үгүй. Аавыг минь Ц.Ишдорж гэдэг. Мал маллаад, хөдөөний бусад хүүхдийн л адил монгол бөхдөө дурлаж өссөн дөө.
- Та “Авзага”-аар овоглоод их удлаа. Яг хэзээнээс эхэлсэн билээ дээ? - 1995 оноос хойш “Авзага”-ын нэр дээр босч байгаа. Захирал Мэндбаяр ах манай нутгийн хүн. Гурванбулагаас тухайн үед улсын цолтон бүү хэл аймгийн цолтон ч бараг үгүй байлаа. Тэгээд ах нутгийн дүү намайг дэмжье гэхэд нь би түшсэн дээ.
- Бөхчүүд өмнөөс нь барилддаг байгууллага, компаниа байнга солих хандлагатай байдаг. Танд өөр газраас манай нэр дээр барилдаач, илүү их шан харамж өгье гэж байсан уу? - Тийм санал ирж байсан. Гэхдээ би залуу бөх байхад минь л дэмжиж тусалж ирсэн “Авзага”-аа сольё гэж бодоогүй. Ийм санал хэлээд байна гэж Мэндбаяр ахад хэлж ч үзээгүй. “Авзага”, “Алдар” хоёр бол намайг бөх болоход тус дэм болсон буянтай газар.
- Булган нутаг руугаа ойр ойрхон очдог уу? - Очно оо, амралтаараа аль болох л нутгаа зорьдог.
- Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий нутгийнхаа байгаль орчинг ихэд хайрлан хамгаалж, бүр тэмцэл хүртэл өрнүүлдэг. Таны хувьд Булган нутагтаа хэр санаа тавьж, хэлж ярьж явдаг вэ? - Миний нутаг баялагтай сайхан газар. Гэхдээ ашгүй ухаж сэндийлсэн, уруутуулж доройтуулсан нь харьцангуй бага шүү. Би сэтгэл дотроо үүнд нь баярлаж л явдаг юм.
- Гурванбулаг гэдэг нэрийн учрыг тайлж өгөөч. - Уулаа өгсөхөөр гурван булаг байдаг. Одоо ундарга нь жаахан татарсан. Түүгээр л нэрлэсэн хэрэг.
- Эрчүүд гэрийн ажилд оролцох дургүй байх нь элбэг. Та бол бүр том цолтой бөх хүн. Гал тогооныхоо ажилд оролцдог уу, ер нь?........................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ