Ирэх жил экспортын хэмжээ мөнгөн дүнгээрээ өснө
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт өчигдөр болсон. Энэ үеэр зарим оролцогчидтой уулзаж, байр суурийг нь сонирхлоо.
УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу: Хайгуулын лицензийн тоо буурсан ч, ашиглалтын лицензын тоо өсч байгаа
-Уул уурхайн салбарыг хөгжүүлэх үүднээс салбарын яам ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байж үйлдвэрлэл өсдөг. Засгийн газрын зүгээс энэ сарблбарыг дэмжих үүднээс “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиа тогтвортой байлгаж байна. Тухайлбал нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг оруулж ирвэл НӨАТ-аас чөлөөлөх хуулийг батлуулсан. Мөн энэ чиглэлийн компаниуд санхүүгийн гацаанд орсон бол Уул уурхайн яам болон Засгийн газраас дэмжих бодлого баримтлаж байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ борлуулахад бидэнд найдвартэй түнш байх ёстой. Бид олон улсын үнэд нөлөөлж чадахгүй. Тйимээс бид олборлолтын зардлыг бууруулах замаар ашгаа өсгөж болно.
-Хөрөнгө оруулалт цаашид өсөх үү?
-Сүүлийн үед хайгуулын лицензийн тоо буурч байгаа ч, ашиглалтын лицензын тоо өсч байгаа. Лиценз бүрийн ард томоохон төслүүд байдаг. Тэгэхээр компаниудын маань хөрөнгө оруулалтаа татах чанар өсч байгаа. Ирэх жилүүдээс компаниудын чадавхи сайжрахын зэрэгцээ Хятад, Энэтхэгийн эдийн засаг сайжрах боломжтой. Дээр нь замууд маань баригдаад дуусвал энэ салбарын маань экспорт өсөх хандлагатай байгаа. Мөн Чингис бондоос томоохон төслүүдийг дэмжиж ажиллах шийдвэр гарчихсан байгаа. Ирэх жилд бид экспортын хэмжээг мөнгөн дүнгээрээ өсөх боломжтой гэж харж байна.
-Хайгуул, олборлолтын лицензийн асуудал хөрөнгө оруулагчын сонирхлыг нь татаж буй харагдлаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Хайгуул, олборлолтын зөвшөөрлийг шинээр олгохыг зогсоосон. Гэхдээ бодлого, хууль эрх зүйн орчин тодорхой болсны дараа хайгуулын лицензийг шинээр олгох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа.
-Энэ дашрамд сонирхоход Оюутолгойн талаар “Рио тинто”-той хийж буй хэлэлцээрийн талаар тодруулаач?
-Оюутолгой төслийн нэгдүгээр үе шат амжиллтай хэрэгжсэн. Энэ бол сүүлийн 30,40 жилд хийгдсэн маш том бүтээн байгуулалтын ажил. Засгийн газрын байр суурь бол энэ төслийг аль болох амжилттай явуулах, далд уурхайн бүтээн байгуулалтын ажилыг түргэтгэх асуудал юм. Манай зүгээс зардлын хэтэрлийн асуудлыг тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гээд зардал хэтэрсэн үү, менежментийн буруу бодлогоос болсон уу гэдэг дээр 2 тал хамтраад ажиллаж байгаа. Бидэнд цаашдаа дахиад зардлаа хэтрүүлэхгүй байх асуудал хамгийн чухал. Иймээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажилыг аль болох гэрээнд нийцсэнээр хийхээр ажиллаж байгаа. Засгийн газраас хамаарсан зүйл байхгүй. Бид өөрсдөөс шалтгаалах бүхнээ хурдан шуурхай шийдэж байгаа. Рио тинтогийн зүгээс өнгөрсөн жил ихээхэн алдагдалд орсонтой холбоотойгоор угаасаа санхүүжилт гаргах асуудал нь хүндрэлтэй байгаа.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг энэ онд багтаан шийдэх үү?
-Тун удахгүй нэгдсэн дүгнэлтэд хүрнэ. Албан ёсны эцсийн дүн гараагүй тул урьдчилж хэлэхэд эрт байна. Шийдэгдсэн асуудлууд дотроос хамгийн их маргаантай байсан усны асуудлаа шийдсэн байгаа.
“Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн” Т.Ганболд: 2015 он гэхэд 30 гаруй тонн алт нийлүүлэгдэх судлагаа бий
-Салбарынхаа өнөөгийн байдлын талаар товч танилцуулаач?
-Алтны салбарын өнөөгийн нөхцөл байдалд сайхан гээд хэлчих зүйл алга. Хууль эрх зүйн болон эдийн засгийн хувьд нэлээд хүндрэлтэй цаг үеийг туулж байна. Гадаад зах зээлд алтны үнэ өсч байгаа ч дотоод зах зээл тогтвортой биш байна. Одоо хэд хэдэн хуулиуд боловсрогдоод гарчихвал нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлттэй байгаа.
-Сүүлийн гурван сард алт тушаалт нэмэгдсэн гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?
-“Алтны ил тод байдлын тухай” хууль төслийн хэмжээнд явж байгаа. Үүнтэй холбоотойгоор алтны тушаалт ил тод болж байгаа байх. Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхэлбэл компаниудад ч үр ашигтай, төрд ч мөн ашигтай.
-Алтны салбарт хөрөнгө оруулагчид хэр нэмэгдэж байна?
-Сүүлийн 10 жилд өсөлттэй болон тогтвортой явж байгаа эрдэс баялагийн нэг нь алт. Энэ утгаараа алтны салбар хөрөнгө оруулах гадныханы сонирхол их байдаг. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байлаа. Харин сая батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиас үүдэлтэйгээр идэвхижилт эрс нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна. Манай Алтны холбооноос хийсэн судлагаагаар “Алтны ил тод байдлын тухай” хууль батлагдаад, “урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журам”-д өөрчлөлт орвол 2015 он гэхэд “Бороо гоулд”, “Оюутолгой”-г оруулахгүйгээр зөвхөн дотоодын компаниудаас 30 гаруй тонн алт нийлүүлэгдэх статистик судлагаа байгаа.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ