Шүүгчийн томилгоонд иргэд саналаа оруулах эрхтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүхийн тухай багц хууль”-ийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс даган мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” мөн батлагдаж, Монгол Улс дахь шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлсэн. Анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүх байхаар хуульчилсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн шүүгчээс бусад шүүгчийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинэ албан тушаалд томилох гэж байгаа юм.
Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдийг томилох, эс томилох эрхтэй. Эл асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 400 орчим шүүгчийн шүүхийн шийдвэрүүдэд анализ хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Мөн Монгол Улсын иргэн хэн боловч шүүгчийн албан тушаалд шинээр болон дахин томилогдох гэж нэр дэвшсэн хүмүүсийн мэргэжлийн ёс зүй, чадварын талаарх санал, бодлоо ирэх сарын 1-ний өдөрт багтаан delgermaa@president.mn хаягаар ирүүлэх боломжтой юм байна. Шүүгчдийн томилгоо ирэх сарын эхээр дуусгавар болох ба санал өгч буй иргэн өөрийн овог, нэр, холбогдох утасны дугаарыг заавал бичих шаардлагатай гэнэ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ