Төсвийн гадуурх зарцуулалтад анхаарахыг бодлого боловсруулагчдаас хүсэв

img

Ирэх оны төсвийг батлахад цөөн хоног үлдээд буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Нээлттэй нийгэм форум дээр “Монгол Улсын 2014 оны төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлага” сэдэвтэй хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр Сангийн яам, Үндэсний аудитын газраас ирэх оны төсвийн зарлагын талаар мэдээлэл өглөө. Мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Ч.Энхбаяр 2014 оны төсвийн зарлагын төлөвлөлтөд хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн тухайгаа танилцуулав.

.

Хэлэлцүүлгийн үеэр Нээлттэй нийгэм форумын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуун ”2014 оны төсөв “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиа биелүүлээгүй гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 40 хувиас хэтрэхгүй гэж заасан ч 2014 онд 50.3 хувьтай тэнцэж байгаа. Ингэснээр төсөвт дарамт болж, энэ зээлийг дарахын тулд төсөв жил бүр орлогоо өсгөх шаардлага гарна” гэлээ. Мөн эдийн засагч, судлаачид ирэх оны эдийн засгийн өсөлтийн талаар Засгийн газар болон Монголбанкны таамаглалуудын хооронд ялгаа их байгааг төсвийн төлөвлөлтөд харгалзан үзэхийг зөвлөлөө.

.

Орлогыг хэт өөдрөг төсөөлсөнийг анхааруулав

.

Ирэх 2014 оны улсын төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бодитойгоор тооцсон ч, тоо хэмжээг нь хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлогод эрсдэл учруулна хэмээн эдийн засагчид үзсэн. Үүнийг нь ч Үндэсний аудитын газраас гаргасан Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд өгөх саналд батласан байв. Үүнд, нүүрсний экспортыг 31.4 сая тонноор төсөвлөсөн нь бүрэн хэрэгжихгүй байх магадлалтайг дурджээ. 2013 оныг авч үзэхэд 27.9 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч гүйцэтгэлээр дөнгөж 20.5 сая тонныг экспортлохоор байгаа аж. Мөн Оюутолгой төслөөс тооцогдсон экспортын орлого бодит байдал дээр бүрэн орж ирэхгүй байх магадлалтай нь ирэх оны төсвийн орлогын гол эрсдлийг тодорхойлж байна гэж үзсэн байна. Түүнчлэн төсвийн орлогын бүтцэд татварын орлого 90 гаруй хувийг эзэлж байгаа нь өрөөсгөл болохыг тодорхойлжээ. Учир нь татварын дутуу төлөлт, өрийн үлдэгдлийг тооцож үзэхэд энэ нь биелэгдэхгүй, эрсдэлтэй гэж үзсэн байна.

:

Төсвийн төсөлд өгөх саналд төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн нийт 44.2 тэрбум төгрөгийн өр байгаа аж. Үүнээс 7-20 хүртэлх жилээр хугацаа хэтрүүлэн төлөгдөөгүй зээлийг хүүг нь хасан тооцоход үндсэн төлбөр нь 38 тэрбум төгрөг байгаа аж. Үүнийг ядаж 10 хувиар барагдуулахад 3.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж буй юм байна. Энэ мэтчилэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн саналыг Үндэсний аудитын газраас гаргажээ.

.

Улс төржсөн төсөв амь бөхтэй байна

.

Харин 2014 оны урсгал зардлыг хэмнэхэд 31.3 тэрбум төгрөгийг тэвчиж болохоор тусгасан байв. Үүнд, жижиг эд хогшил худалдан авах, урсгал засвар, урьд оны төсвийн хэмнэлтийн зарцуулалт, хувийн хэвшлийн байгууллагад үйлдвэрлэл нэмэгдүүлэх зорилготой олгох татаас зэрэг багтсан байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтаас 55.4 тэрбум төгрөгийн төслийг хасах санал оруулжээ. Энэ нь үр ашгийн тооцоо тодорхойгүй, хөрөнгө оруулалтын шинж чанаргүй төсөл, албан контор судлагаа шинжилгээний төв, спорт цогцолбор, авто машин худалдан авах, тоног төхөөрөмж, тавилга худалдан авах зэрэг зардлуудыг энэ жилдээ тэвчиж болохоор заасан байна.

:

Харин доктор, профессор Ч.Энхбаярын 2014 оны төсвийн зарлагын төлөвлөлтөд хийсэн хөндлөнгийн дүн шинжилгээгээр хэдий нийт төсвийн зарлага буурсан ч урсгал зардлын хувь хэмжээ өмнөх жилээсээ 9 хувиар өсөхөөр байгааг анхааруулж байв. Түүнчлэн ирэх жил төсвийн хөрөнгө оруулалт болон зээлээр санхүүжих төсөвт ажлуудыг эрс бууруулсан нь бондын санхүүжилттэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, эдийн засагчдын үзэж буйгаар манай улс өдгөө нэгдсэн төсөв болон төсвийн гадуурх гэсэн хоёр төсөвтэй байгааг хэлж байв. Мөн эдийн засагчид улсын төсвөөр зам засвар гэх мэтийн үр өгөөж муутай төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Харин төсвийн гадуурх бонд зэрэг нь эргэн төлөгдөх, хүүтэй тул эргээд үр өгөөжөө өгөх зүйлд хөрөнгө оруулж зарцуулах шаардлагатайг анхаарууллаа.

:

Ирэх он сонгуулиас хол ч гэлээ улстөржсөн төсөв байсаар байна. Энэ нь оюутны тэтгэлэгт зориулж 96 тэрбум төгрөг, нийгмийн халамжинд 504 тэрбум төгрөг төсөвлөсөн явдал гэж судлаачид үзжээ.

.

Өрийн хэмжээг өсгөх нь дарамтыг нэмэгдүүлнэ гэв

.

Өрийн шатлалыг ирэх онд нэмэгдүүлэх саналыг дэвшүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд дахин өрийн хэмжээг өсгөх нь өрийн дарамтыг бодитойгоор нэмэгдүүлэх юм. Энэ нь манай улсын зээлжих зэрэглэл болон өрийн дарамтанд оруулж буй сөрөг талтай гэж эдийн засагчид үзжээ. Энэ талаар Ч.Энхбаяр “Олон улсын зах зээлээс босгосон Хөгжлийн банк, Чингис бондын зарцуулалтын үр ашиг одоогоор төдийлөн мэдрэгдээгүй байгаа. Гэтэл дахин ийм замаар хөрөнгө босговол өмнөхөөсөө арай өндөр хүүтэй зээл олдох магадлалтай” гэв. Мөн энэ онд үүссэн төгрөгийн ханшийн сулрал даамжирсаар байгааг тэрбээр өөрийн хийсэн тойм дүгнэлтэд оруулжээ. Хэдийгээр манайх 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, гадаад валютын нөөцөө зузаатгасан ч экспортын бууралт, Оюутолгойн санхүүжилт буурсан зэрэгтэй холбоотойгоор ам.долларын дотоод эрэлт нэмэгдсэн. Түүнчлэн гадаад зах зээлд таагүй байдал үргэлжилсээр байгаа тул ирэх онд бондын эргэн төлөлт бий болох эрсдэл байгаатай холбоотойгоор валютын урсгал улам гадагшлах хандлагатай байгаа юм.

:

Иймээс 2014 онд эдийн засагт үүсч болзошгүй хүндэрлүүдийг төсөвт бодитоор тусгаж, түүнээс сэргийлэх арга хэмжээ авахыг бодлого боловсруулагчдад анхаарууллаа. Мөн эдийн засгийн суурь нөхцөл байдал эмзэг байгаа энэ үед төсвийн бодлогыг чамбай төлөвлөх нь чухал байгаа аж. Үүнээс гадна төсвийн бодлогын үр ашгийг хэмжих, төсвийн судалгааг сайжруулах, уялдаатай байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байлаа.

:

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ