Чингис бондын өгөөжийг тольдоё
Манай улс хамгийн сүүлд буюу 2008-2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын шуурганд хүчтэй өртөж байв. Тухайн үед эдийн засгийн үндсэн багана нь уул уурхай байсан тул дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний эрэлт, үнэ унахад манай улсын төсөв хүндэрч, модоо барьсан. Тэгвэл өнгөрсөн оноос манай улсын эрдэс бүтээгдэхүүнээс олох орлого, түүнийг дагасан хөрөнгө оруулалт буурснаар эргээд 2008-2009 онтой адил хямралын байдалд шилжих нөхцөл байдал үүссэн. Гэхдээ Засгийн газраас оновчтой бодлого хэрэгжүүлснээр хямралыг бид хүндрэл багатай туулахаар барахгүй бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа нь томоохон амжилт юм. Хамгийн гол нь эдийн засаг бүхэлдээ уул уурхайгаас хамааралтай гэх ойлголтыг халж, олон тулгуурт эдийн засгийг бий болгох, алсыг харсан бүтээн байгуулалтуудыг одооноос хэрэгжүүлэх алхам руу шилжиж буй. Мөн ямар ч үед эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэл рүү явж байгаа нь сайшаалтай. Энэ бүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа тулгуур бол Чингис бонд юм. Цаг үеэ олсон уг бондын ачаар монголчууд хүндрэлийг анзааралгүй өнгөрөөж байна.
5
Бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийв
5
Юуны өмнө хямралын үед бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийсэн нь эдийн засгаа хамгаалах үндсэн хөшүүрэг боллоо. Тухайлбал, орон сууцны барилга угсралт 342 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо/ҮСХ/ гаргажээ. Энэхүү орон сууцны барилгын өсөлтөд Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөр болох “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн нөлөө, үүрэг ач холбогдол их байв. Энэ хугацаанд барилгын гол нэр төрлийн материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих үүднээс нийт 162 тэрбум төгрөг, гол нэр төрлийн бүтээгдэхүүн болон цемент арматурын импортыг нэмэгдүүлэхэд 125 тэрбум төгрөгийг зарцуулсанаар нийт 287 тэрбум төгрөг болсон байна. Түүнчлэн дотоодын барилгын компаниудыг дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нийт 430 тэрбум төгрөг санхүүжүүлжээ. Энэ бүхний дүнд барилгын угсралт түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж, бүтээн байгуулалт сүндэрлэж эхэлж байна.
5
Энэ оны эхний 3 улирлын байдлаар манай улсын нийт барилга угсралт, их засварын ажил 1 их наяд 132 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2012 оны 401 тэрбум төгрөгтэй харьцуулахад 2.8 дахин буюу 183 хувиар өсчээ. Энэ оны эхний 3 улиралд нийт 498 тэрбум төгрөгийн өртөг бүхий инженерийн барилга байгууламж барьсан байна. 2012 оны эхний 3 улирлын 98 тэрбум төгрөгтэй харьцуулахад инженерийн барилга байгууламжийн ажил 400 тэрбум төгрөгөөр цэвэр нэмэгджээ.
5
Чингис бондын санхүүжилтээр бидний нүдэнд дээр хийгдсэн үр дүнтэй томоохон ажлуудын нэг нь авто зам, уулзваруудын шинэчлэл юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дундаас төмөр зам, авто замыг дэмжсэн хөтөлбөрүүд хамгийн чухал, алсыг харсан алхам болж байна. Манай улсын эдийн засгийн өсөлт хөгжил, иргэдийн хэрэглээ, худалдаа гээд ихээхэн зүйл Замын-Үүд-Улаанбаатарыг холбосон төмөр замтай холбоотой. Манай эдийн засаг томрохын хэрээр энэ зам ачааллаа даахаа байсан нь олон асуудлыг араасаа дагуулсан. Харин Төрийн зүгээс “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”, Бондын мөнгө зэрэг эх үүсвэрээс багагүй хөрөнгө төсөвлөж, төмөр зам, автозамын салбарыг дэмжиж байгаа.
5
Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгчээ
6
Манай улс гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай. Ихэнх бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Гэтэл уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт буурснаар гадаад валютын нөөц багасч, улмаар ам.долларын ханш өссөн. Энэ нь дотоодод нийлүүлэгдэх гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хөөргөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ үед Засгийн газраас “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь чухал алхам болсон юм. Энэхүү бодлогын үр дүнд энэ онд инфляци 15 хувь хүрэх байсныг нэг оронтой тоонд барьж чадлаа. “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Засгийн газар нийтдээ 3.1 их наяд төгрөгийг зах зээлд зөв сувгаар нь нийлүүлээд байгаа. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 136 тэрбум төгрөг, шатахууны үнийг тогтворжуулахын тулд 200 орчим тэрбум төгрөг, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжихэд 430 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 1.1 их наяд төгрөг зарцуулаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн чиглэлийн компаниудад бага хүүтэй зээл өгсөн нь өмнө нь байсан ажлын байрыг хадгалаад зогсохгүй, шинээр ажлын байрыг ихээхэн нэмэгдүүлжээ. Судалгаанаас харахад Чингис бонд болон Үнийг тогторжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг олгосноор нийт 204 мянган ажлын байр хадгалагдаж, 42 мянган шинэ ажлын байр бий болжээ.
5
Үнийг тогтворжуулах 5 дэд хөтөлбөрийн хүрээнд дараахь үр дүн гарчээ.
1.Махны үнийн өсөлт өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.1 дахин бага,
2.Гурилын үнэ тогтвортой,
3.2011-2012 онуудад 190 төгрөг, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан АИ-92 шатахуун, дизель түлшний үнэ маш тогтвортой,
4.Газрын тосны бүтээгдэхүүний биет нөөц өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн,
5.Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон ачих хугацаа өнгөрсөн 3 жилийн дунджаас харгалзан 3.1 болон 2.2 дахин түргэссэн,
6.Суурь инфляци өнгөрсөн 3 жилийн дунджаас 5.9 хувиар буурсан,
7.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци өнгөрсөн 3 жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд 3 нэгж хувиар, Улаанбаатар хотод 4.2 нэгж хувиар тус тус буурсан,
8.Эдийн засгийн бодит өсөлт дэх хувийн хэвшлийн оролцоо 127 хувиас 147 хувь болон өсч, Засгийн газрын оролцоо 12 хувиас 6 хувь болж буурсан,
9.Мөнгө, зээлийн үзүүлэлтүүд тогтвортой болсон,
10.Эдийн засгийн бодит өсөлт тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан зэрэг үр дүнд хүрчээ.
5
Урт хугацаатай, бага хүүтэй зээлийг тасралтгүй олгоно
5
Ипотекийн зээл олон хүний сонирхлыг татаж байна. Арилжааны банкуудын нийт ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 1 их наяд 461.8 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс 616.5 тэрбум төгрөгөөр буюу 72.9 хувиар өсчээ. Сүүлийн 3 сарын хугацаанд буюу “8 хувийн зээл” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн багц 475.6 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар өссөн байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны статистикаас харахад хөтөлбөрийн хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 466.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлж, 596.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний хоногуудад өдөрт дунджаар 27 орчим тэрбум төгрөгийн зээл 8 хувийн зээл рүү шилждэг байсан бол сүүлийн өдрүүдэд 3 тэрбум болж хөрвүүлэлтийн явц үндсэндээ дуусчээ. Харин шинээр 8 хувиар зээл авах иргэдийн хүсэлт тасралтгүй нэмэгдэж хөтөлбөрийн 5 дахь 10 хоногт 230 тэрбум төгрөгийн зээлийг шинээр гаргажээ. Шинээр зээл авч буй нэг иргэн дунджаар 58 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн шинэ байрны зах зээлийн ханшаар 39.2 м2 байна. Өөрөөр хэлбэл, энэ зээл зорилтот бүлэг болох дундаж давхаргынханд голчлон хүрч чаджээ гэсэн үг. Зээл авна гэдэг ялангуяа орон сууцны зээл авах нь иргэдийн хариуцлагыг улам нэмэгдүүлдэг. Хариуцлага нь амьдралын идэвхийг нэмэгдүүлж, тэр хэрээр хүнийг хөдөлмөрч болгодог зөв систем юм. Бага хүүтэй зээл хэвийн үргэлжилнэ. Ирэх оны 1 дүгээр улиралд багтаад МИК-ийн бондыг гаргахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр энэ зээлийн хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх механизм руугаа орох юм.
5
Ажилгүйдэл, ядуурал буурсан
5
Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр гарсан хамгийн чухал үр дүн бол ажилгүйдэл, ядуурал буурсан явдал юм. Манай улсын нийт хүн амын 40 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 42 мянга 26 хүн шинээр ажилд орсон гэсэн статистикийг ҮСХ гаргажээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 77 хувиар өссөн үр дүн. Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засгийн хүнд хэцүүхэн үед ажлын байр хамгаалагдаад зогсохгүй ажилд орсон хүний тоо ч ихээхэн нэмэгдээд байгаа. Ялангуяа Засгийн газрын бодлогоор дэмжсэн салбарууд болох барилга, боловсруулах, үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны салбарт иргэд ихэвчлэн ажилд оржээ. Тухайлбал, арилжааны банкуудаар дамжуулан нийт 300 гаруй тэрбум төгрөгийг барилга угсралт, барилгын компаниудад зарцуулсан нь ажлын байрыг ихээхэн нэмэгдүүлж чаджээ.
5
Банкны салбарыг дэмжлээ
5
Төрөөс хэрэгжүүлсэн бодлого арилжааны банкуудад хамгийн том дэмжлэг болсон. Гадаад зах зээл муудаж, эх үүсвэр ховордож, нүүрсний үнэ унаж байгаа өнөө үед банкуудын эх үүсвэр муудах байсан. Ингэснээр банкуудын зээл олгох чадвар суларч, зээлийн багцын өсөлт царцах байлаа. 2009 онд эдийн засаг хямрахад банкуудад энэ он шиг Засгийн газар, Монголбанкнаас нь эх үүсвэр өгөөгүйгээс тул зээл олголт нь мэдэгдэхүйц буурч, компаниуд нь зээлгүйгээр нам зогсч байсан удаатай. 2010 оноос дотоодын эдийн засаг уналтын дараа харьцангуй сэргэж эхэлсэнээр зээлийн өсөлт түүхэн дээд 72.8 хувьд хүрч байжээ. Ингээд энэ онтой золгож дахин нэг хямрал, дахин нэг зээлийн удаашралыг амсах байв. Хэрвээ Монголбанк, Засгийн газрын 3 их наяд төгрөг банкуудаар дамжин эдийн засагт нийлүүлэгдээгүй байсан бол өнөөдрийн зээлийн өсөлт 46.6 хувь биш 3.9 хувийн уналттай гарах байв. Зээл ийнхүү тасрахад компаниуд, эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээлгүй болж бизнесүүд тэр чигээрээ царцах байсан. Зөв эдийн засгийн бодлого бүх салбарт ийнхүү үр өгөөжөө өгдөг нь тодорхой харагдаж байна. Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж байна. Банк гэдэг бол эдийн засгийн толины тусгал. Банкууд үнэхээр сайжирч томорсон бол тухайн эдийн засаг өсч, тэр хэрээр эрүүл байна гэж ойлгож болно. Өнгөрсөн оны эцэст арилжааны банкуудын нийт активын хэмжээ 12 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 18.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ хугацаанд нийт 6.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Банкуудын нийт хэмжээ ийнхүү 18.2 их наяд төгрөгт хүрсэн нь энэ оны ДНБ-ий хүлээгдэж буй гүйцэтгэл болох 16.8 их наяд төгрөгөөс давсан үзүүлэлт юм. Тэгэхээр энэ онд арилжааны банкууд ихээхэн томорсон, энэ хэмжээгээр ч эдийн засаг өссөн гэсэн үг юм.
5
Энэ бол өр биш, харин хөгжилд хөтлөх гарц юм
5
Чингис бонд, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтын зээлүүд бол өр биш. Дэлхийн улс орнуудаас манай улстай ойролцоо хүн ам, эдийн засгийн хэмжээтэй улсуудыг аваад үзэхэд өрийн хэмжээ болон ДНБ-ий харьцаа 50-70 хувьтай байхыг хэвийн гэж үздэг. Харин 100-аас дээш давсан тохиолдолд эрсдэлтэй гэж үздэг. Монгол Улсын өр ДНБ-ий харьцаа 2012 онд 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай байгаа. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа 2014 онд 50 хувьтай байхаар байгаа. Энэ бол зохистой хэмжээ. Өөрөөр хэлбэл, бидэнд асар их нөөц боломж, зах зээл байгаа учраас нэмж бонд гарган стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байна. Улс орнуудын хурдан хөгжлийн загвар нь гагцхүү гадны хөрөнгө оруулалт, зээлээр явдаг гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлдэг билээ.
:
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ