"МИАТ"-ын хэрэгт холбогдогчдын ялыг хөнгөллөө
“Дайны эрсдлийн даатгал” нэрээр МИАТ-ын тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж авч, түүнийгээ зохиомол даатгалын компани руу гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж байсан гэх хэрэгт холбогдоод байсан МИАТ компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийг өчигдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцсэн юм.
Тодруулбал, МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2006-2011 он ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группийн захирал Ч.Суурьтогтох, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны “Солонго” салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарынхан гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгчдийг мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг нарт 11 жил 1 сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил 1 сар, Ч.Хоролсүрэнд 13 жил 1 сар, Ч.Суурьтогтоход 10 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч тус бүрээс 1 337 938 448 төгрөг гаргуулж, “МИАТ” ТӨХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин мөн хэрэгт холбогдсон Н.Гантөмөрийг цагаатгасан.
Уг хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, харин гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 1 560 928 189 төгрөг гаргуулахаар өөрчилсөн билээ.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар Ч.Хоролсүрэнд 8 жил, Б.Эрдэнэбилэгт 7 жилийн хорих ял ногдууллаа.
Мөн Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарыг МИАТ ТӨХК-ийн хөрөнгийг гадагш шилжүүлэхэд оролцсон ч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нартай үгсэн тохиролцоогүй, харин албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзэж, тэдэнд оногдуулсан ялыг тодорхой албан тушаал хаших эрхийг нь 2 жил хасч, 3 жил хорих ял болгон өөрчиллөө.
Түүнчлэн Н.Саранчимэгт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, банкны хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь оногдуулсан 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд заасны дагуу 3 жилийг нь өршөөн хасч, биеэр эдлэх ялыг 3 жилээр тогтоожээ. Харин Ч.Суурьтогтоход холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн хуралдаанаас Ч.Хоролсүрэнгээс 6 тэрбум 300 гаруй сая төгрөг, Б.Эрдэнэбилэгээс 2 тэрбум гаруй төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн битүүмжилсэн хөрөнгөтэй холбоотой шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ