Манай бөхчүүд “ширым” бөхөөр барилдаж байна

img

Бүгд Найрамдах Солонгос улсад болж буй тус улсын үндэсний бөх болох “Ширым бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-д манай улсын бөхчүүд оролцож байна.

Испани, Шинэ Зеланд, Хятад, Америк, Орос, Солонгос зэрэг улсын тамирчид оролцож буй уг тэмцээнд эх орноо төлөөлөн улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Н.Бүрэнбаатар, аймгийн арслан Ж.Наранбаатар, Н.Жаргалбаяр, Д.Тамир, аймгийн заан Л.Батзориг нарын бөхчүүд бяр, мэхээ сорьж байна.

Тэд энэ сарын 08-нд эх орноосоо мордож, тэмцээнээс өмнө хэдэн өдрийн хамтарсан бэлтгэл хийжээ. Ширым бөх нь элсэн дээр барилддаг, нэг удаа унасан бөх тэмцээнээс хасагдах дүрэмтэй байдаг аж.

Тэмцээн 12-нд эхэлсэн, ирэх ням гарагт өндөрлөнө. Манай бөхчүүд зөвхөн ширым бөхөөр барилдаад зогсохгүй үндэсний бөхөө сурталчилан зодоглох юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ