Багш нар өрсөлдлөө
Монголын багш нарын ур чадварын улсын уралдаан Нийслэлийн тэргүүний 24 дүгээр сургуулийн байранд боллоо. БСШУ-ны яам, Боловсролын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй уг уралдаанд орон нутаг, дүүрэгтээ шалгарсан 21 аймаг, 9 дүүргийн 60 орчим багш нар мэдлэг, ур чадвараа сорин өрсөлджээ. Ур чадварын улсын уралдаан нь 2 шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатанд багш нар группт хуваагдан мэдлэгээ сорьсон байна. Мөн энэ үеэр 1967 оноос эхлэн зохиогдож ирсэн "Оны шилдэг илтгэл"-ийг шалгаруулна. 2011 оны шилдэг илтгэлийг "Багшийн ажлын байрандаа хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам" гэсэн сэдвийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 30 багшийн илтгэлийг хэлэлцэж байна. Илтгэл тавих хугацаа 15 минут ба эдгээр шалгарсан илтгэлүүдийг багш нар ганцаараа болон багаараа бүтэн жилийн хугацаанд өөрсдийн олон жилийн туршлага, судалгааны үр дүн дээр үндэслэн мэргэжил нэгт нөхөддөө танилцуулж байгаа юм. Шилдэг илтгэлийг шалгаруулахдаа судалгааны арга зүйг хэрхэн баримталсан болон туршилт, үр дүн, хэрэгжүүлсэн байдал зэргийг онцгойлон авч үзэх бөгөөд энэ нь багшийн мэдлэг, ажил дээрээ хэрхэн хөгжиж байгааг тодруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ