Буриад бүсгүй одуудыг хувцаслах болжээ
Монгол туургатны нэг, залуухан буриад бүсгүй Канад, АНУ-ын загварын ертөнцийг 22 настай Амарсанаа Гендуева тодорхойлох болжээ. Тэрбээр өнөөдөр Каннын кинонаадам,“Эмми”-ийн Улаан хивсэн дээр гарах одуудын стилистээр ажиллаж, Милан, Торонтогийн загварын ордонтой хамтран ажилладаг. Мөн дэлхийн фэшн ертөнцийнхний мөрөөдөл Chanel, Prada, Louis Vitton-тэй хамтын ажиллагаатай. Түүнийг Улаан-үдэд ирээд байхад нь орон нутгийн сурвалжлагч уулзаж санал солилцжээ.
Буриадын №1 лицей сургуульд, дараа нь хэлний сургалттай гимназид суралцсан. Дөнгөж насанд хүрээд 18 насандаа Канадыг зорьсон. Ирээд бусдын адил хэлний курст явсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд холын хол хүний нутагт ганцаараа бусдын дэмжлэггүй амьдрахаас айгаагүй. Яагаад заавал загварын ертөнц гэж үү. Амарсанаа сургуульд сагсанбөмбөгөөс эхлээд балет, нум сумаар хүртэл хичээллэж байсан ч аль нь сонирхлыг нь татаагүй. Багаасаа л ямар нэг онцгой хувцас өмсөхийг сонирхдог байсан аж. Таван жил гадаад улсад амьдрахдаа орос хэлийг мартагнаж эхэлжээ. Хоногийн 24 цаг англиар ярьж, бодох шаардлагатайгаас. Эхний үед хэлний бэрхшээлээс болж айдастай байсан. Харин дараа нь хэн ч чамайг үүнээс болж шүүж шүүмжлэхгүйг ойлгосон гэж тэр ярьж байна. Тэр Канадын Fashion arts хөтөлбөрийг 1,5 жилийн хугацаанд төгссөн. Уг нь хоёр жилийн хугацаатай.
Эхний үед сүши-пабанд ажиллаж хэрэглээний мөнгө олно гэж тооцсон ч үнэндээ тэнд нэг ч өдөр ажиллаагүй. Харин хичээлийн кампустаа худалдагчаар ажиллаж байжээ. Дараа нь Hugo Boss-той хамтран ажилласан. Түүнийг анх хараад л шууд ажилд авсан. Амарсанаа тэр үед 19 настай байв.“Би хэзээ ч загварын салбарын дунд түвшинд ч ажиллаж үзээгүй хүнийг шууд дээд түвшинд ажилд авна гэж бодож байгаагүй. Би тэнд стилистээр ажиллаж , хувийн стилистээр ажиллаж энгийн хүмүүст зөвлөгөө өгч хувцаслаж, дараа нь одуудыг улаан хивсэн дээр алхахад нь туслах болсон. Загварын сэтгүүлүүдийн хавтсыг бэлтгэж нэг удаа “Chloe Canada”-ын хавтасны эхийг бэлтгэж өгсөн нь шинэлэг зүйл болсон гэж удирдлага нь үнэлжээ. Энэ оны эхээр түүнийг моодны сэтгүүлийн ерөнхий редактороор томилсон байна. Өнгөц харахад бүх зүйл хялбар, гялгар гоё мэт харагдавч хөшигний ард байнгын стресстэй байдаг. Хэвлэлд шилжихийн өмнө сэтгүүлийн 200 хуудсыг нэгбүрчлэн үзэж, дахин дахин сонголт хийдэг. Би одоо л жинхэнэ хүссэн зүйлээ хийж байна гэж тэр ярьж байна.
Амарсанаа бусад хүмүүсийн адил төрөлх нутагтаа ямар нэг зүйл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтэй. Тэр сүүлийн дугаараа Оросын сонгодог стиль “Анна Каренина”-ийн зураг авалтаар хийжээ. Амарсанаа сэтгүүлдээ ямар нэг байдлаар дорнын хэлбэр оруулахыг хичээх болжээ. Түүний хэлэх дуртай үг. Өөрийнхөөрөө бай бусад нь эзнээ олсон.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ