Н.Золжаргал: Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар тууштай явах ёстой
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас валютын ханшийн талаар тодрууллаа.
-Валютын ханшийн өсөлтийн талаар тодруулаач?
-2013 онд валютын зах зээл рүүгээ нэлээд оролцлоо. Хэрвээ оролцоогүй байсан бол төгрөгийн ханш өнөөдрийхөөс хамаагүй сул байх байсан. Бид цаг тухайд нь оролцож байсан учраас ханшийн түвшин 1700 дээр тогтворжиж байх шиг байна.
Валютын ханш өсөх болсон цаад шалтгааныг та бүхэн мэдэж байгаа байх. Нийт зах зээлд орох валютын урсгал 2013 онд огцом буурсан. Үүний шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурч, экспортын барааны үнэ сул, хэмжээ нь ч буурсан. Ханш суларсны нэг сайн тал нь импортлож буй бараа бүтээгдэхүүн нэлээд багаслаа. Энэ жилийн статистик судлагаанаас гадаад худалдааны тэнцлээ харахад импорт одоогоор 500 орчим сая ам.доллараар буурсан байна. 2013 он дуусахад 600 орчим сая ам.доллараар буурах юм шиг байна. Гэхдээ үүнийгээ дагаад дотоодын эдийн засгийн идэвхижилт суларч буй болохоор сайн үзүүлэлт мэдээж биш. Харин урт хугацаандаа дотоодын үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлөх болно. Иймээс импорт орлож, экспортоо дэмжсэн бодлого ойрын хугацаанд идэвхитэй цааш нь авч явна. Олон жилийн өмнө хэрэгжүүлэх ёстой байсан энэ бодлогын алдаанууд одоо ийнхүү үр дагавараа үзүүлээд байна.
-Жил бүрийн өдийд баяр ёслолтой холбоотойгоор импорт өсдөг. Энэ нь ханшид нөлөөлөх үү?
-Манайх улирлын чанартай эдийн засагтай тул өдийд орж ирдэг гол бараанууд нь голдуу баяр ёслол, хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүүд байгаа. Түүнээс биш барилгын бараа материал гэх мэтчилэн үйлдвэрлэлд зориулагдсан хөрөнгө оруулалтууд маань оны эхний хагас жилд хийгддэг.
Бидний харж байгаагаар оны төгсгөлд хэрэглээ нэлээд хумигдах юм шиг байна. Одоо байгаа ханшийг энэ түвшнөөсөө нээх хол хэлбэлзээд явахгүй байх гэсэн хүлээлттэй байна.
-Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц ямар байгаа вэ. Буурч байгаа гэсэн мэдээлэл байна?
-Өнгөрсөн оны 10 дугаар сард байсан түвшиндөө л валютын нөөц байгаа. Тодруулбал, 2.4 миллиард ам.доллар байгаа. Бүтэн жилийн хугацаанд нэлээд их валют орлоо, мөн гадагшиллаа. Гэсэн хэдий ч бид эцсийн дүндээ нөөцөө жилийн өмнөх түвшинд авч үлдсэн.
Одоогийн ханш импортын бүтээгдэхүүнүүдийг нэлээд торгосон, хүлээж болдог хэрэглээнүүдээ хойшлуулахад хүргэсэн ийм байдалтай байна. Жишээ нь, автомашин, хөргөгч, телевизорын үнэ дээр энэ ханш шууд нөлөөлж байгаа. Бидний гол анхаарах зүйл нь экспортоо нэмэх, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал нь хэдхэн сарын дотор бус олон жилийн үр дүнд бий болдог. Азийн хөгжиж буй орнуудыг харахад ч үүнд чиглэсэн бодлого нь олон жилийн дараа үр дүнд хүрч байгаа харагддаг. Бид ч энэ замаар тууштай явах ёстой. Монголбанкны зүгээс энэ бодлогыг тогтмол дэмжиж явах болно. 2014 оны үндсэн чиглэлд ч гэсэн энэ бол гол анхаарах зүйлсийн нэг байгаа.
-Алтны нөөц ямар байгаа вэ?
-Алт бол валютын гол урсгалуудын нэг нь. Дэлхийн улс болгон алт олборлоод байдаггүй. Монголд үүнийг олборлож байгаа нь бидний нэг давуу тал. Бусад орнуудтай харьцуулахад манай улсын алтны нийт эзлэх жин нь өндөр байдаг. Яг тоо нь хэд хичнээн байгаа гэдэг нь олон нийтэд мэдээлэх зүйл биш. Тиймээс товчоор хэлэхэд, алт байх ёстой түвшиндөө байгаа. Алтны олборлолт, тушаалт нэмэгдэж байгаа.
Монголд тушаагдах алтны хэмжээг багасгая гэдэг хууль гаргачихаад валютаа тогтвортой байлгаач ээ гэж байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. Гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, алтны олборлолтоо нэмэх нь ханшаа тогтвортой байлгах нь эргээд төгрөгөөр илэрхийлэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлгах буюу бага болон дундаж орлоготой иргэдийн өрх гэрийн зардлын бүтцэд ачаалал болохгүйгээр авч явах гэсэн том эдийн засгийн зорилтод нийцтэй байх юм.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ