"Уран зураг ба уран баримал" нэгдсэн үзэсгэлэн гарна
"Blue moon" арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа тус галерейгаас нийт уран бүтээлчдийн дунд “Уран зураг ба уран баримал" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна.
Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр галерейн удирдах зөвлөлөөс нийт уран бүтээлээс таван бүтээлийг нэр дэвшүүлж нээлтэд хүрэлцэн ирсэн мэргэжлийн уран бүтээлчдээс санал авч шилдэг бүтээл шалгаруулахаар болжээ. Шалгарсан бүтээлийн уран бүтээлчид "Blue moon" арт галерейн гүшүүн болох эрх болон 2014 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх, үнэ бүхий зүйлээр шагнах аж. "Уран зураг ба уран баримал" уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд нийт 60 орчим бүтээл ирснээс 40 гаруй дэлгэгдэх юм. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагаас болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ