
Монгол орон Хятад, Индонез Вьетнам дахь шувууны томуугийн халдварын голомт, Өрнөд Европыг холбосон шувууны нүүдлийн 3 том замд оршдог онцлогтой бөгөөд 2005 онд хоёр, 2006 онд нэг өндөр хоруу чанартай шувууны томуугийн үүсгэгч зэрлэг шувуунд илэрсэн нь манай улсыг шувууны томуугийн эрсдэлтэй орны тоонд оруулсан юм. Иймээс Монгол Улсын Засгийн Газар Шувууны томуу, хүний томуугийн цартахлаас сэргийлэх үндсэний хөтөлбөрийг батлан олон улсын санхүүгийн дэмжлэг үзүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж тэднээс дэмжлэг хүсч 2008 оны 9 дүгээр сараас Дэлхийн банк, Европын холбооны “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх, бэлэн байдлыг хангах үндэсний чадавхийг сайжруулах” ажилд дэмжлэг үзүүлэх 4.6 сая ам.долларын тусламж үзүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
“Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах” төслийн үндсэн зорилго нь олон улсын болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар шувууны томуу өвчний дэгдэлт, тархалтыг хязгаарлах, өндөр хоруу чанартай томуугийн вирус хүнд халдварлахаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг аюулгүй түвшинд байлгах, түүнээс үүдэн гарах эрүүл мэндийн болон эдийн засгийн хор хохирлыг багасгахад чиглэгдсэн бөгөөд 2008 оноос эхлэн хэрэгжиж 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төслийн хаалтын ажиллагааг зохион байгуулж уг төсөл хэрхэн хэрэгжсэн байдлыг дүгнэлээ.
Энэхүү төсөл нь Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран хэрэгжүүлсэн төсөл бөгөөд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэснээрээ онцлог байлаа. Төслийн удирдах хороо, техникийн ажлын хэсгүүдэд олон улсын байгууллагууд болон бусад олон салбаруудын төлөөлөл орсон байдаг ч асуудлаа хамтран шийдэж, цаг үеийн тулгамдсан асуудалд зохицон үйл ажиллагааны уян хатан бодлогыг барьж ажиллах чадвараа сайжруулсан нь төслийн нэг гол үр дүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ