Д.Дэмбэрэл дарга арав гаруй байгууллагын төлөөллүүдийн үгийг сонслоо

img

Монголын төрийн бус байгууллагуудын форумд нэгдсэн арав гаруй байгууллагын төлөөллүүд   УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж   Монгол дахь хүний эрхийн асуудлын төлөв байдлын талаар ярилцлаа.   НҮБ-ын Ерөнхий Ассамблей тус байгууллагын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутамд дүгнэн хэлэлцэж байх зорилготой “Хүний эрхийн дүгнэлт хэлэлцүүлэг” хэмээх шинэ  механизмыг  2006  онд  бий  болгож, энэ эрхийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд олгосон. Энэ шийдвэрийн дагуу манай улс хүний эрхийн талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буй тайлангаа өнгөрсөн сарын  2-ны өдөр   НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр анх удаа хэлэлцүүлсэн байгаа.  Үүнтэй холбогдуулан манай төрийн бус байгууллагууд нэгдэн форум байгуулж, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаархи анхаарал татсан асуудлуудын талаар сэдэвчилсэн илтгэл бэлтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээж, хэлэлцүүлэгт өөрсдийн төлөөллийг оролцуулсан юм байна. Уулзалтад оролцогсод Төрийн бус байгууллагуудын форумаас бэлтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн Монголын хүний эрхийн төлөв байдлын мэдээлэл, форумаас төр, засгийн удирдлага, бүх шатны иргэдийн хурлын болон Засаг дарга нарт хандаж гаргасан ил захидлыг УИХ-ын даргад гардууллаа.  Мөн  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт хандаж гаргасан дүгнэлт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга замын талаар саналаа хэлсэн юм. Монголын хүний эрхийн талаархи манай Засгийн газрын тайланг хэлэлцэх үеэр дэлхийн 43 улсын зүгээс 129 зөвлөмж өгснөөс 118 зөвлөмжийг нь Засгийн газар шууд хүлээн авсан, харин 11 нь хууль эрх зүйн тодорхой зохицуулалт шаардлагатай гэж үзсэн. Мөн  манай орны хувьд өнөөдөр хүний эрхийн асуудлаар хамгийн эмзэг, цаг үеийн зайлшгүй шаардлагаас үүдэн гарсан, түүнчлэн ахиц гарах боломжтой гэж үзэж буй зарим асуудлыг хууль тогтоомжид тусгуулах саналтай байгаагаа тэд танилцууллаа. Тухайлбал,  мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуультай болох, цагаач иргэд, тэдний гэр бүлийн эрхийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорац болон хүний эрхийн  хамгаалалтад чиглэсэн конвенцид нэгдэж орох, шилжин суурьшилтын асуудлыг зохицуулах эрх зүйн зохицуулалттай болох, хүнсний эрхийн цогц бодлого, хүнсний аюулгүй байдал, хүртээмж, худалдан авах чадамжтай холбоотой эрх зүйн зохицуулалтад анхаарах, ялгаварлан гадуурхахын эсрэг хууль тогтоомжтой болох,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи салбар хоорондын асуудлыг нэгтгэн зохицуулах үүрэгтэй төрийн бүтэц бий болгох, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, хохирогчийн эрхийн хамгаалалтын асуудлыг хуульд тусгаж өгөх нь чухал байгааг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ