Азийн өвлийн наадамд оролцох цаначид Казакстаныг зорив

img

Азийн өвлийн спортын VII их наадам энэ сарын 30-ны өдөр хөшгөө нээнэ. Өвлийн наадам ирэх 2-р сарын 6-ны өдөр хүртэл Казакстаны нийслэл Астана болон Алмата хотуудад болно. Азийн өвлийн наадамд шар тивийн 45 орны 550 гаруй тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ наадмын гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх 6 тамирчин, нэг дасгалжуулагчаас бүрдсэн багийн бүрэлдэхүүнийг БТСГ-ын удирдлага өнгөрсөн долоо хоногт хүлээн авч амжилт гаргахыг хүсээд үдэж өгөв. Цаначид Казакстанд очоод наадмын өмнө тэнд хамтарсан бэлтгэл хийж байгаад өвлийн наадамдаа оролцох аж.

Манай улсаас спортын 7 төрөлд 77 тамирчин хурд хүчээ сорихоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид бөмбөгтэй хоккей, уран гулгалт, шайбтай хоккей зэрэг төрлүүдэд хурд хүчээ шинээр сорих нь ээ. Харин өвлийн спортын наадамд оролцох цаначдын хувьд Азийн өвлийн тоглолтонд анх удаагаа хурд хүчээ сорих гэж байна. Тэд гүйлтийн цана, оринтьеринг буюу зүг чиг, орон зайн баримжаа олох зэрэг төрлүүдэд өрсөлдөх аж. Баг тамирчдын дасгалжуулагчаар Монголын цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдэлгэр ажиллах юм байна. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс цанын үндэсний шигшээ багийн ахлагч, спортын мастер Б.Гэрэлт-Од, спортын мастер Э.Бархүү, Булган аймгийн тамирчин Б.Бямбадорж, эмэгтэйчүүдээс ОУХМ Ч.Отгонцэцэг, спортын мастер А.Наранцэцэг, Н.Ууганцэцэг нар багтжээ. Дашрамд дуулгахад энэ жилээс цанын үндэсний шигшээ багийг шинэчлэн байгуулжээ.

А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ