Г. Уянга: Чингис хаан хот гэж нэрлэсэн нь ёс зүйгүй үйлдэл
“Чингис хаан” нэрийг төрийн мэдэлд шилжүүлж, их хааныхаа нэр хүндийг өргөх ёстой хэмээн УИХ гишүүн Г.Уянга тэргүүтэй гишүүд хууль санаачлаад байсан юм. Гэвч Хэнтий аймгийн төв Өндөрхааны хотын нэрийг өөрчилж, “Чингис хаан” хот болгох шийдвэрийг өчигдөр тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаадугаар тогтоолоор дэмжиж баталсан. Уг шийдвэр гарсантай холбоотойгоор олон нийтийн санал бодол янз бүр байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгааас тодруулахад “Чингис хаан гэдэг нэрийг нь төр өмчлөх тухай хууль санаачилж, хуулийг хэлэлцэж, батлахаас өмнө Хэнтий аймгийн төвийг Чингис хаан хот гээд нэрлэчихлээ. Юм болгоноо Чингис гэж нэрлээд байгаа нь зохимжгүй. Энэ бол эмх замбараагүй байдал. Уг нь УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудын нэг байсан гэж бодох юм. Төрсөн газар нь гээд нэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, шийдчихдэг байж болохгүй. Твиттер, фейсбүүкээр хүмүүс энэ асуудлаар дургүйцлээ илэрхийлсэн байсан. Хүмүүс “Чингис хаан” гэдэг нэрэнд дургүйцээгүй. Гол нь хэдэн мянган жилийн өмнө байсан энэ хүнээс өөр зарж идэх юмгүй болтлоо дордчихсон юм уу гэж байна. Уг нь “Чингис хаан” нэрийн тухай хууль хэлэлцэж батлагдсаны дараа энэ нэрийг хэн хэрэглэх ёстой юм, хэрэглэх эрхийг нь хэн олгох ёстой юм гэж хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой байсан. Тэр ч бүү УИХ-ын гишүүдээс жалга довын үзэл гаргаж, аймгийн төвөө Чингис хаан гэж нэрлэх ажилд оролцсоныг би сайшаахгүй. Энэ бол хэтэрхий бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ