“Тахарын алба”-тай болно
Хууль зүйн сайдын 2012.12.5-ны өдрийн А/87 тоот тушаалаар Маршалын албаны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, уг хуулийн төслийг боловсруулан чуулганы хуралдаанаар хэлэлцүүлснээр 2013.7.5-ны өдөр УИХ-аас Тахарын албаны тухай хууль болгон баталсан билээ.
Нийт 6 бүлэг 38 зүйлтэй уг хууль нь ихэр оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөнө. Түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан процессын үйл ажиллагааг нарийвчлан заасан журмыг Хууль зүйн сайд, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлан гаргах юм.
Хуульд зааснаар “Тахарын алба” нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах, гэрч, хохирогч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдийг хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх болон нуугдмал хөрөнгийг эрэн сурвалжлах зорилгоор мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах талаар зохицуулсан байна. Мөн шаардлагатай тохиолдолд хорих байгууллагын аюулгүй ажиллагааг хангах чиг үүрэгтэй байна.
Түүнчлэн оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлахад объект, нутаг дэвсгэрээс хамаарч Байгаль хамгаалагч, Батлан хамгаалах, Хилийн алба, Цагдаа, Орон нутаг Засаг захиргаанаас түр байрлах байр, хүн хүч, техник хэрэгслийн туслалцаа авч хамтран ажиллана. Ингэхдээ тэдгээр байгууллагыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахаар заасан нь урьд өмнө манай улсад хууль тогтоомжоор зохицуулж байгаагүй шинэ зохицуулалт бөгөөд АНУ-д хэрэглэгддэг цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэсэн эрх мэдлийн давхардлыг арилгасан үр дүнтэй зохицуулалт хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ