Ч.Өнөржаргал: НӨАТ-ын 10 сая төгрөгийн босго бол ТҮЦ-ийн л орлого
СЭЗДС-ийн багш, ТМЗ-ийн нийгэмлэгийн Сургалт судалгааны менежментийн хорооны дарга Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
6

-Нэмэгдсэн өртгийн албан татвар бусад татварынхаа орлогыг ил болгох, далд эдийн засгийг бууруулах, нийт эдийн засагт хяналт тавих гол зорилготой. Хэрэглээний ялгаатай байдалд тулгуурлан орлого нэмэгдүүлэх үндсэн концевцийн нэг нь нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/. Нэг их төвөг чирэгдэлгүйгээр томоохон татвар төлөгчдөөс улсын төсвийн татварын орлогын 20-30 хувийг шууд бүрдүүлэх үүргээ биелүүлж байна. Нөгөө талд далд эдийн засгийг ил болгон бусад татварын орлогыг ил гаргах үүргийг биелүүлж чадахгүй байна. Одоо бол НӨАТ өөрийнхөө үүргийн эсрэг яваад байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, татварын хуулийг үл биелүүлэх байдал нийтийн татвар төлөгчдийн дунд олон байгаа.
6
-Тэгвэл юуг, яаж шинэчлэх шаардлагатай вэ?
-Хамгийн түрүүнд юуг өөрчлөх шаардлагатай байна гэвэл татвар төлөгчдийг татвараа тодорхойлж төлдөг ухамсарт төлөвшүүлэх. Тиймээс эхний ээлжинд татвар төлөгчид татвар төлдөг ч үгүй, тайлагнадаг ч үгүй биш ядаж тайлагнадаг болгох хэрэгтэй. Тайлагнахын үндэс нь бусад татвар төлөгчийн орлогыг ил болгох, нуудаг бууруулдаг байдлыг арилгахад чиглэж байгаа юм. Тийм байдлаар өөрчлөлт, шинэчлэлийг хийх ёстой.
5
-НӨАТ-ын босго ямар байх ёстой вэ?
-Босго байж болно. Эхлээд босго тавилгүйгээр бүгдээрээ тайлагнах хэрэгтэй. Яригдаад байгаа 50 саяын босго байж болно. Одоогийн 10 сая арай л бага байгаа. Босгыг татвар төлөгч нарт хүндрэл чирэгдлийг багасгах, хэт жижиг аж ахуй нэгж татвар төлөхгүй байх, тэднийг дэмжих үүднээс тавьдаг. Хэт өндөр босго хэрэггүй. Өнөөгийн байдлыг улам дордуулна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг томрох бойжиход улам садаа болно. Оюутолгой зэрэг томоохон худалдан авагч жижиг бэлтгэн нийлүүлэгчдийн дунд тендер зарлалаа гэхэд нэг шалгуур нь НӨАТ төлөгч байх гээд заачихдаг. Тэгвэл НӨАТ төлөгчөөр бүртгүүлж чадахгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид том байгууллагуудтай харилцаж чадахгүй болчихдог. Ийм нөхцөлд хэдэн том татвар төлөгчид л хоорондоо харьцана. Мөн НӨАТ төлөгч том байгууллагууд жижиг аж ахуй нэгжээс НӨАТ-ын падаангүй бол харьцахаа болино. Тэгэхээр жижиг, дунд аж ахуй нэгж улам л жижиг, өсдөггүй, томордоггүй байдал хэвээр үлдэнэ. Энэ байдал үргэлжилсээр байвал эдийн засаг улам л далд байдалд шилжнэ.
Манайхан бол жилийн борлуулалтын орлогын 10 сая төгрөгнөөс татвар өгөхгүйн тулд заримдаа Х тайлан өгдөг. Тайлангаа гаргахдаа хүртэл 10 сая төгрөг хүргэчихгүйн тулд хүндрэлтэй байдлыг бий болгодог. Босго хэд байх вэ гэдгийг тал бүрээс нь нарийн математик загварчлал ашиглаж гаргана. Гэхдээ хамгийн гол нь тайлангаа гаргадаг байх хэрэгтэй.
5
-НӨАТ төлөхгүй зайлсхийгээд байгаа байгууллагуудын тооцоо ер байдаг уу?
-70-80 мянган аж ахуй нэгжийн 60 гаруй мянган байгууллага татвар төлдөг гэвэл 20 хүрэхгүй мянга нь НӨАТ төлөгч байна. Байгууллагуудын гуравны хоёр нь 10 хүрэхгүй сая төгрөгийн орлоготой байна гэдэг бодит тоо биш л дээ. 10 сая бол захын жижиг ТҮЦ-ийн л орлого шүү дээ. Тэгэхээр л далд эдийн засаг ямар хэмжээтэй байгаа нь илэрхий.
6
-Зарим оронд худалдан авсныг гэрчлэх бичиг байхад иргэн жилийн эцэст төлсөн НӨАТ-аа эргээд авах боломжтой байдаг гэсэн. Манайд хөрсөнд буух уу?
-Тухайн бүтээгдэхүүнийг худалдан аваад харьсан эцсийн хэрэглэгчдэд татварыг буцаан өгөх замаар бэлэн мөнгөний гүйлгээг хянадаг систем байдаг. Үүнийг маш сайн бэлтгэлтэй бодолцож хийхгүй бол бас гажуудал, тодорхой бус байдал үүснэ. Хуулийн зүйл заалтыг маш сайн оруулж өгөх хэрэгтэй.
5
-Бэлэн бус төлбөр тооцоо улам өргөжих юм бол НӨАТ орчин сайжирна гэдэг. Энэ манайд боломжтой юу?
-Үүнийг банкны системийн эрх зүйтэй хамт сайжруулах хэрэгтэй. Тодорхой мөнгөн дүнгийн хязгаар гаргах хэрэгтэй. Жишээ нь, 50 мянган төгрөгнөөс дээш нэг удаагийн худалдан авалтыг бэлэн бусаар буюу картаар хийнэ гэдгийг тодорхойлоод өгөх хэрэгтэй. Банк татварын албанд тухайн данс эзэмшигчийн мэдээллийг саадгүйгээр гаргаж өгсөн тохиолдолд энэ орлогыг хянах байдал илэрнэ. Манай өнөөдрийн тогтолцоог татварын тухай хууль зохицуулдаг. Данс эзэмшигчийн мэдээллийг татварын алба авахын тулд тодорхой хэмжээний хязгаарлалтай байгаа. Хамгийн энгийн хяналт тавих арга бол энэ л дээ.
6
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ