УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр ярилцлаа.
-Сайн байна уу? Ойрдоо харагдахгүй байсан. Гадагшаа яваа юу?
-Япон яваад ирсэн. Уржигдар шөнө л ирлээ шүү дээ.
-Таныг байс хийгээд л Япон явах болсон гэж сонссон. Хэвлэлүүдээр бичиж байгаагаар та ирэх оны сонгуульд нэр дэвшихийн тулд Япон руу байнга явдаг болчихсон юм биш үү?
-/Инээв/.
Сонгуулийн санхүүжилт хөөцөлдөөд байгаа юм огт байхгүй. Япон руу ойр ойрхон явж байгаа нь үнэн. Гэхдээ өөрийнхөө эрх ашгийн төлөө гэхээсээ илүү монгол залуусынхаа төлөө яваад байгаа юм. Наад зах нь Японд залуусаа сургах боломж хэр байгааг судалж , эхнээс нь бүтээж байгаа. Манай залуус харь улс руу явахаараа хар бор ажил хийж, гэр бүл хань ижлээсээ холддог. Тэгвэл хамт явж гадны улс орны туршлагыг судалж, сурч боловсорч болно шүү дээ. Ийм л боломжийг би хайгаад яваад байгаа юм. Эхнээсээ олон компанитай хамтран ажиллах гэрээ хийгээд байна.
-
Сонгинохайрхан дүүргээс маш олон залуус Япон руу явж сурч байгаа гэсэн мэдээ байсан. Одоо хичнээн залуус явуулаад байна вэ. Ямар мэргэжлээр илүү суралцах боломж байна?
-СХД –ээс маш их залуус гадагшаа явсан. Би Японд байхаасаа л явуулж эхэлсэн. Хамгийн сүүлд цахилгаан тээвэр компаниас хэд хэдэн залуусыг бид хүнд машин механизмын чиглэлээр сургахаар явуулсан. Одоо уул уурхай хөгжиж байгаа энэ үед энэ чиглэлээр сурсан залуус эх орондоо ирээд маш өндөр цалинтай ажил хийх боломжтой. Цаашид өөр ямар чиглэлээр залуусаа сургах боломж байгааг бид эрэлхийлж байгаа.
-Японд болсон байгалийн гамшгаас үүдэн гаднаас ажиллах хүч авахаа түр зогсоосон гэсэн мэдээлэл байсан. Энэ утгаараа манайхан Япон руу явж ажиллахгүй байгаа юм шиг байна. Харин залуус таныг Япон руу явуулдаг гэж боддог бололтой?
-Цунами, газар хөдлөлтөөс болоод японы эдийн засаг хямарсан. Одоо ажиллах хүч татаж байгаа. Бүтээн байгуулалт хийж, сэргээхийн тулд маш олон ажиллах хүч татаж эхэлсэн байна. Далан барьж байгуулах ажил эхэлж байгаа. Япончууд хар ажилд их муу учраас ихэвчлэн Хятадаас ажиллах хүч татдаг байсан. Харин одоо Хятадаас авах ажиллах хүчийнхээ тоог багасгаж байгаа юм билээ. Монголоос ажиллах хүч авах нь их болсон. Тэгэхээр залуусаа явуулах боломж байгаа эсэхийг бид судална. Уг нь гэр бүлийг салгах биш хамт явуулах нь чухал юм шиг санагддаг.
-Миний сонссоноор Сүмод таны шавь олон байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл таны Сумогийн дэвжээнд хөтлөн оруулж байсан залуус амжилт гаргаж байгаа гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Хамгийн анх Япон руу зургаан хүүхэд цүнх үүрээд гарч байлаа. Энхбат, Цэвэгням бид гурав ёстой нөгөө шадар гурван цэрэг гэдэг шиг үлдсэн юм даа. Нөгөө гурав маань шантарч , Сүмогийн дэвжээг орхисон. Сүмо бөх үнэхээр хүнд спорт. Гэхдээ шантрахгүй, зоригтой, тэвчээртэй байвал бид амжилтад хүрч чадна.

Анх бид жим гаргаж явж байсан бол зам болгосон гэж хэлж болно. Тэгээд олон монгол залуусаа энд барилдуулах юмсан гэж бодож явлаа. Одоо тэр хүсэл мөрөөдөл минь биелээд байна. 20 гаруй хүүхэд тэнд барилддаг болж. Бүгдийг нь би явуулсан гэхэд хилсдэхгүй. Хакухо Даваажаргал байна. Мөнхбат аваргын хүү шүү дээ. Анх би Даваажаргалыг явуулж байсан бол өнөөдөр аварга болчихсон байна. Амай Бямбадорж арслан болчихсон байна. Кёкшү гэдэг бүргэд гэсэн үг. Энэ нэрийг маш олон хүүхэд авч барилдаж байгаа. Эргээд харахад үнэхээр сайхан байдаг юм. Одоо Сүмогийн дэвжээ хахчихсан, хүн ихтэй байгаа. Цаашид олон залуусаа гаргая гэсэн бодол Сүмо бөхийн холбоонд байгаа шүү.
-Та чөлөөт цагаараа Сүмо бөхөд хорхойтой, дуртай залуусаа өөрөө бэлдээд , дасгалжуулаад байх боломжгүй юм уу?
-/Инээв/. Би бэлтгэл хийгээд , гүйгээд байна гэж байхгүй л дээ.
Гэхдээ боломжоороо залуусаа бэлтгэж авъяасыг нь хөгжүүлэх юмсан гэж боддог. Манай “Кёкшү товар”-ын доор Сүмогийн Кёкшү дэвжээ гэж бий. Японд багшилж байсан багш залуусыг дасгалжуулж байгаа. Тэндээсээ сүмод орон тоо гарвал дараа дараагийн хүүхдүүдээ явуулах бодолтой байна.
-“Сүмогийн Кёкшү” дэвжээнд орж суралцах хүсэлтэй хүн бүрийн өмнө нээлттэй юу?
-Үнэхээр сүмогоор барилдах хүсэлтэй, бас чадвартай бол бэлтгэл хийгээд явахад асуудалгүй. Авъяас байвал өөрөө гараад ирнэ. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө хүсэл сонирхолтой, чадвартай байх учиртай. Мөн хатуужилтай, зоригтой байж л ард нь гарах юм. Нэмж хэлэхэд Япон хэлтэй байх маш чухал.
-Таныг оюутнуудад зориулсан эмнэлэг барих санал санаачлага гаргаж байгаа гэж дуулсан. Энэ тухай?
-Манай улсад оюутнуудад зориулсан эмнэлэг барих хэрэгцээ шаардлага байгаа. Гадны улс оронд бол оюутнуудад зориулсан эмнэлэг нь хамгийн том, сайн эмчтэй бас болоогүй хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Тэгэхээр оюутнуудынхаа эрүүл мэндэд анхаарын тулд эмнэлэг барих ёстой гэж бодсон юм. Оюутнууд эрүүл саруул байж хожим нь эх орныхоо төлөө ажиллах, тэмцэх эрүүл боловсон хүчин бэлтгэгдэж гарна шүү дээ.
-Одоо зөвхөн санаа төдий байгаа юм байна. Хэрэгжүүлэхийн тулд та тууштай тэмцэнэ биз дээ?
-Тэмцэлгүй яах вэ. Гэхдээ одоохондоо энд тэнд барина гэж төлөвлөөгүй байна.
-УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн хууль дээр зөвшилөлд хүрч чадахгүй их удлаа. Та сонгуулийн аль системийг дэмжиж байгаа бэ?
-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Би пропорциональ давамгайлсан сонгуулийн системээр ирэх оны сонгуулиа явуулах нь зөв гэж бодоод байгаа. Өнгөрсөн хугацаанд мажоритари системээр сонгуулиа явуулж ирсэн. Эцсийн үр дүн нь 2008 оны долдугаар сарын 1 байсан шүү дээ. Иймээс энэ хар өдрийг давтахгүй байхын тулд пропорциональ давамгайлсан системээр сонгуулиа явуулах хэрэгтэй.
-Сонгууль гэснээс 2012 оны сонгуульд та нэр дэвшинэ биз дээ?
-Дэвшинэ. Надад хийх юм их байна. Улс орныхоо төлөө хийхийг хүссэн бүх ажлаа амжуулах болно.
-Тухайлбал?
-Ажлын байрыг маш олноор бий болгох ёстой. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийх цаг болсон. Хүн ам ажилтай, түүнийгээ дагаад орлоготой байвал сайхан амьдрал аандаа л ирнэ. Ийм байхад улс эх орон хөгжиж л таараа. Дээр нь эрүүл монгол хүн энэ эх орны сайн сайхны төлөө тууштай тэмцэж чадна гэж бодож байна. Үнэхээр бодож явдаг зүйл маш олон байна. Бид энэ эх орныхоо төлөө юу хийх ёстойгоо сэтгэх учиртай. Яг үнэндээ анх метротой болно гэдэг яриаг би гаргаж байсан. Өнөөдөр метро барихаар болчихоод байна. Миний санаа хэрэгжиж байна гэж хэлэхгүй. Гэхдээ хэн нэг нь үлгэр шиг юм яриад эхлэхээр хэзээ нэгэн цагт хэрэгжиж л байгаа юм. Мөн миний нэг санаа зовдог зүйл бол хээл, хахууль авлига газарч авч байгаа явдал. Энэ бүхнийг ор тас устгахын тулд бид одооноос тэмцэх учиртай.
-Ирэх оны улсын төсөв бөөн л юм болж батлагдаж байна. Хараад байхад манай гишүүд тойрог руугаа, аймаг сум руугаа хандсан ажил хийхийн тулд , мөнгө төгрөгөө ахиухан хуваарилуулахын тулд хэт улайрдаг юм шиг байгаа юм. Энэ үнэн үү?
-Үнэхээр тийм шүү
. Гишүүд өөр өөрийнхөөрөө лобидоод , өөрийнхөө сайд, гишүүнээ ашиглаад тойрог руугаа л юм хийх гээд байдаг тал ажиглагдсан. Дорнодын Алтангэрэл гишүүний өрөөнд яваад орсон чинь төсөвт Дорнод аймаг руугаа оруулах гэж байгаа юм гээд маш их юм жагсаасан байсан. Би бүр наадах чинь нийслэлийн төсвөөс хэтэрчихсэн байна гэж хэлж байсан удаатай. Гэхдээ энэ бол гишүүдийн буруу гэж хэлэх боломжгүй юм. Гол нь сонгуулийн хуулиа өөрчилвөл бүгд жигдрээд явчихна гэж бодож байна.
-УИХ-ын гишүүдийн дунд хөлс, хөдөлмөр гарган байж олонд танигдсан хүмүүсийн нэг нь та. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд та сүмогийн дэвжээн дээрээс хөрөнгө мөнгөтэй болж, олонд танигдаж УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ зарим гишүүд өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа учраас улс орон хөгжихгүй байгаа юм биш үү?
-/Инээв/. Баярлалаа. Яг үнэндээ юу ч үгүй хоосон хүүхэд Япон руу явж байсан бол улс эх орныхоо нэрийг тодорхой хугацаанд гаргаж, бас болоогүй амжилт гаргасандаа баярлаж явдаг шүү. Надад одоо улс орныхоо төлөө л ажиллах хүсэл тэмүүлэл байна. Төрийн ордонд 1000 оюутан цугларахад би хэлж байсан юм. Би төрөөс төрсөн тэрбумтан биш хөлснөөс төрсөн монгол хүн гэж.
Одоо би шийдвэр гаргах түвшинд орж ажиллаж байгаа учраас эх орныхоо сайхан ирээдүйн төлөө өөрийн зүгээс шалтгаалах хүч хөдөлмөрөө шавхана гэж бодож байна.
-2008 оны сонгуулиас хойш манай эрх баригчид иргэддээ баахан бэлэн мөнгө тараалаа. Нэг талаараа төрөөс иргэддээ өгч байгаа шан харамж гэж ойлгож болох ч нөгөө талаасаа эдийн засагт дарамт болсныг эдийн засагчид тайлбарлаж байгаа. Та энэ их бэлэн мөнгөний амлалт, тараалтыг хэр харж байна?
-Бэлэн мөнгөний амлалт төсвийн алдагдлыг бий болгож байгаа. Үнэхээр бид мөнгө тарааснаараа зарим нэг хүмүүсийг улам залхуу болгож байгаа. Бид хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгшин настай болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ мөнгө өгөх ёстой . Харин хавтгайруулан тарааж, хөдөлмөрлөх насны залуусаа залхуу болгож , бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгааг ойлгохгүй байна. Ирэх сонгуулиар хүссэн хүсээгүй МАН, АН хоёр л гарна. Бид тэгэхээр цаашид өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой.
-Сэтгүүлч хүнийхээ хувьд нэг зүйл боддог юм. Бэлэн мөнгө тараасныхаа оронд ажлын байр бий болгоосой гэж. Өөрөөр хэлбэл манай гишүүд тойрогтоо ажиллахдаа ямар ажлын байр хэрэгтэй байна, ямар үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих ёстойгоо судалж болдоггүй юм болов уу гэж. Жишээ нь би Өвөрхангай аймагт ажиллаж байхад эсгийгээр хувцас , гутал хийдэг нэг эмэгтэй таван сая төгрөгийн оёдлын машинтай болчихвол тав, арван хүнийг ажлын байраар хангах боломж байна гэж байсан юм.
-Зөв л дөө. Үнэхээр бид тойрогтоо ямар ажлын байр хэрэгтэйг, ямар хэрэгцээ шаардлага байгааг тооцох цаг болчихсон байна. Би дээр хэлсэн шүү дээ ажилтай Монгол хүн орлоготой байх учраас сайхан амьдарна гэж. Энэ үнэхээр үнэн .
-Нэгэнт л бидний ярилцлага “Ний нуугүй яръя” гэдэг сэдэвтэй. Тэгэхээр таны өрх гэр рүү өндийсэн нэг асуулт байна. Сүүлийн үед дуучин Баясгалан та хоёрыг салж байгаа гэж дуулдах юм. Энэ үнэн үү?
-Ер нь янз бүрээр л бичдэг юм. Бид хоёр чинь хэвлэлээр бичиж байгаагаар бол тав, зургаан удаа салчихсан юм шүү дээ. Бас их олон хүүхэд төрүүлчихлээ. Хүүхэдтэй болсон гэсэн нь бол амны билэгтэй мэдээлэл байгаа юм. Манай хүн одоо таван сартай жирэмсэн.
-Ингэхэд та хурмын бөгж зүүдэггүй юм уу. Эсвэл албаар орхичихсон юм уу. Зарим эрчүүд хурмынхаа бөгжөө албаар орхидог, орхиогүй тохиолдолд сүйхтэй талыг нь эргүүлчихдэг юм гэсэн. Танд тийм зан байхгүй биз дээ?
-/Инээв/. Өнөөдөр хурмын бөгжөө орхичихсон байна. Ер нь надад бөгжөө албаар орхих, эсвэл буруу харуулах ямар ч шаардлага байдаггүй юм. Яагаад гэхээр намайг хэнтэй гэр бүл болсныг, тэр бүү хэл хэдэн хүүхэдтэйг монголын ард түмэн мэднэ шүү дээ.
Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ