Нийслэлийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 10.00 цагт Нэгдүгээр бүрэн дунд сургууль дээр болно. Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын Шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
Тэмцээн швейцарь системээр буюу 9 өрөг, цагийн хяналттай талдаа 25 минутаар явагдана. Эрэгтэй тамирчдын ангилалд 1-5 байр, эмэгтэй тамирчдын ангилалд 1-3 байранд аваргуудаа шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Анх удаа зохион байгуулагдах нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд ахмад тамирчин болон оюунлаг түшээ тусгай шагналыг гардуулахаар зохион байгуулагчид төлөвлөсөн байна. Мөн тэмцээнээс шилдэг эрэгтэй 20, эмэгтэй 7 шатарчинд “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын УИХ-ын даргын ивээл зохион байгуулагдах улсын аваргын тэмцээнд оролцох эрх олгох юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ