Бизнесийнхэн төрд дуу хоолойгоо хүргэлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт" өчигдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад 270 орчим бизнес эрхлэгч оролцож, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэсэн байна.
Уулзалтын эхэнд нэг жилийн хугацаанд бизнесийн орчинд хийсэн реформын шинжтэй ажлуудын үр дүнг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг товч танилцуулжээ. Үүний дараа бизнес эрхлэгчид хамгийн их чирэгдэл учруулдаг гааль, татвар, бүртгэл, зөвшөөрөл, барилга, эрчим хүч, мэргэжлийн хяналт болон бусад асуудлын талаар төр засгийн удирдлагуудад саналаа хэлсэн байна. Тухайлбал, НӨАТ-ын босгыг бууруулах, хуурамч падаан бичилтийг хянах, ЖДҮ-ийг гарааны жилүүдэд нь татвараас чөлөөлөх, санхүү, татварын тайлагналтыг цөөлөх, бүгд жигд татвар төлдөг болох, татвартай холбоотой хуулийн нэр томъёоны зөрүүг арилгах зэрэг саналыг бизнес эрхлэгчид хэллээ. Харин салбарын яамнаас нь Татварын багц хуулийн төсөл боловсруулсан, батлагдвал татварын орчинд олон эерэг өөрчлөлт орохыг хэлжээ. Жишээ нь жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргаж байгааг 12 удаа болгох гэх мэт олон хэлбэрийн хөнгөлөлт тусгасан талаар тайлбарлалаа.
Барилгын салбарын тухайд бизнесийн орчинд дорвитой шинэчлэл хийж, чамлахааргүй үр дүнд хүрсэн гэж бизнес эрхлэгчид сайшаалаа. Барилгын зөвшөөрөл авах гэж 19 шатлалын 121 гарын үсэг зуруулахад 208 өдөр зардаг байсан нь дөрөв дахин хөнгөвчлөгджээ. Энэ салбарт цаашид нэн түрүүнд хийх ажил бол норм стандартаа шинэчлэх гэж тэд үзэж байна. Түүнчлэн төрөөс тавих мэргэжлийн хяналтын дарамтыг халахын тулд одоо мөрдөж буй хоцрогдсон норм стандартуудыг шинэчлэх, хилийн боомт дээрх давхардсан шалгалтуудыг нэгтгэх, ченжийн худалдааг зохицуулах хэрэгтэйг бизнесийнхэн хэлжээ. Мөн лицензүүдийг нэгтгэж цөөлөхийн зэрэгцээ зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг бизнес эрхлэгчид олон дурьдлаа. Одоо мөрдөгдөж буй 1165 тусгай зөвшөөрлийг 300 болгож цөөлөх зохицуулалт хийж байна, энэ ажилд бизнес эрхлэгчид өөрсдөө оролцоорой гэж ЗГХЭГ-аас мэдээллээ. Гадаад худалдаа эрхлэгчдэд хил, гааль дээр учруулдаг чирэгдэл, бэрхшээлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар ирэх долоо хоногт ГЕГ, бизнес эрхлэгчид үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид ямар ч ажлыг хамтран хэлэлцээд, богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаа шүү. Гол нь аль аль талд оролцооны оновчтой арга барил дутаад байна” хэмээв. Иймд эхний ээлжинд төр, бизнесийн хамтарсан уулзалтууд хийх тогтмол цаг гаргаж, тухайн салбарынхаа шинэчлэлийн бодлогод санал авахыг яам, агентлагийн удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ