Хоригдлуудад өдөрт 70-80 саяыг үрж байна
Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар манай улсын 25 хорих байгуулагад 6600 орчим хоригдол ял эдэлж байна.
Тэд нийгэмд болон хэн нэгэнд учруулсан хохирлынхоо хариуд шийтгэгдэн, наранд амьдрах хугацаанаасаа хумслан, нарсанд сууж буй гэмт хэрэгтэн. Хохирол учруулсан талдаа өстөн дайсан болсон тэдний эрх чөлөө хязгаарлагдсан болохоос эрүүл орчинд, тав тухтай амьдрах гэх мэт жам ёсны эрх нь нээлттэй байдаг.
Тиймээс ч сүүлийн үед хорих ангийн тав тухтай байдал, ял эдэлж буй иргэдийн эрх гэж ярьж, хэлж эхнээс нь хийж байна. Манай улсын хорих ангиуд өөрийн дотоод журам болон олон улсын стандартыг мөрддөг аж. Тухайлбал, хорих байрны агааржуулалт, гэрэлтүүлэг, нэг камерт зургаагаас найман хоригдол байх зэрэг нь бүгд хуульчлагдсан, стандартын дагуу байдаг гэнэ.
Дээр дурьдсан хоригдлын тоог 100 мянган хүн ам тутамд харьцуулан үзэхэд манай улс дэлхийд 40 дүгээрт жагсдаг гэсэн албан бус судалгаа байдаг. Энэ нь гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсын хувьд дэндүү дээгүүр үзүүлэлт. Үүнээс харахад манай улсад хүмүүсийг хорих ялаар “замбараагүй” шийтгэж байгаа мэт. Үүнийг засах буюу хоригдлын тоог цөөрүүлэхээр, хууль эрх зүйн орчноо шинэчилж байгаа тухай албаны хүмүүс ярьж байна. Энэ ажилдаа олон улсын туршлагаас хэрэгжүүлж гэрийн хорио, нийтэд тустай ажил, электрон гав зэрэг ял шийтгэлийн аргыг хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулж буй гэмт хэргийн тухай хуульд оруулж байгаа аж.
Хоригдлын тоог бууруулна гэхээр дургүйцэх нэгэн байгаа байх. Тэгвэл хоригдлууд та бидний төлсөн татварын мөнгөний хэдэн хувийг “иддэг”-ийг сайн мэдэхгүй болоод ингэж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар нэг хоригдлын өдрийн зардал 10250 төгрөг байна. Тэгэхээр 6600 хоригдлын өдрийн зардал 70-80 сая төгрөг гарна. Үүнийг 365 хоногт үржүүлэхэд биднийг “ангайлгахаар” их тоо гарахаар байгаа биз. Нийгэмд хор хохирол учруулсан энэ хүмүүсийг хэдэн арван тэрбум төгрөгөөр улс тэжээж байна. Үүнийхээ оронд сургууль, цэцэрлэгээ баривал хичнээн сайхан. Гэхдээ үр ашиггүй олон хүнийг улсын мөнгөөр тэжээхгүй байх аргыг шийдвэр гаргагч түвшнийхэн боломжийнхоо хэрээр хайж л байх шиг байна. Тэдний гарц хэмээн хэрэгжүүлж буй нэг зүйл нь бүсчилсэн, төвлөрсөн хорих анги барих юм. Орон нутгаар нь бүсчилэн дөрвөн том хорих анги байгуулснаар улсад учруулах дарамт бага хэмжээгээр буурна гэж тэд үзэж байгаа аж. Тодруулбал, төвийн бүсийн хорих ангийн барилга Улаанбаатар хотын БЗД-ийн нутаг дэвсгэрт баригдаад эхэлжээ.
Мөн хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх, ялын хугацаа дуусч нийгэмд орж ирэхэд нь тэднийг хүлээж авах ажил дээр анхаарах нь чухал. Хэрэв ингэж чадвал гэмт хэргийн гаралт багасаад зогсохгүй давтан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлэх тохиолдол буурна. Энэ нь улс орны эдийн засагт ч мөн хэмнэлттэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Хоригдлуудын тухай ярихад орхигдуулж болохгүй нэгэн зүйл нь суллагдсан хоригдлууд юм. Ингэж хэлсний учир нь манай улс шоронд орсон буюу ял эдэлсэн хүнийг хүн гэж үзэхээ больсонтой холбоотой. Тэд ялаа эдлээд гараад ирсэн ч үлдсэн насандаа буюу наранд амьдрах хугацаандаа хоригдол хэвээрээ л дуусдаг. Жилд 2000 шахам хоригдол суллагддаг. Тэднийг суллагдахад нь зориулж зургаан сарын өмнөөс нийгмийн амьдралд бэлтгэж эхэлдэг гэж ШШГЕГ-ын Нийгэм сэтгэлзүйн хэлтсийн дарга ахмад Н.Ганхуяг хэлсэн. Мөн суллагдаж байгаа хүмүүсээ ахиад энд битгий орж ирээсэй, зөв амьдраасай гэж бодсоны дүнд боломжтой нэгнийг нь сайн дураар ажилд зуучилж өгдөг гэж байсан. Харин хорих ангиас суллагдаж байгаа иргэдийг ажлын байранд зуучлах зэрэг үүргийг ШШГЕГ болон тухайн Хорих ангийн захиргаа хүлээх эрхзүйн зохицуулалт байдаггүй аж.
Санаатай болоод санамсаргүй алдаанаас хэн нэгэнд хохирол учруулсныхаа дүнд хоригдож буй болоод хоригдоод гарч ирсэн тэдний хүчийг улс оронд хэрэгтэй зүйлд өгье.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ