Буудай болон үрийн чанарыг шалгажээ
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ТЭДС/, гурилын үйлдвэрт хүнсний буудай хүлээн авч, хадгалах үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын тарьж ургуулсан таримлын болон 2014 тарихаар нөөцөлсөн үрийн чанарт шалгалт хийжээ. Мөн гурилын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын үтрэмийн талбай, зоорь, элеватор, ариутгал, бүтээгдэхүүний хадгалалт, эрлийзийн үр, үржүүлэгийн технологийн мөрдөлтөнд хяналт шалгалт явуулсан байна.
Шалгалтын үеэр газар тариалангийн 33 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний таримал ургамлаас 164 дээж авч, ургамал хорио цээрийн болон хими, хор судлал, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Мөн 4 аж ахуйн нэгж байгууллагын 2014 онд тарихаар нөөцөлсөн 4 сортын 795 тонн улаан буудайн үрийг тарих үрийн чанарын шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргасан аж. Шинжилгээнд хамрагдсан нийт улаан буудайн 91.9 хувь нь МNS 0097:2010 стандартын шаардлагыг хангажээ. Харин үр тарианы аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн 795 тонн үрийн буудайн 50.4 хувь буюу 400 тонн нь тарих үрийн чанарын шаардлагыг хангасан аж. Мөн ТЭДС-д хүлээн авсан нийт 1335.78 тонн буудайн 95.5 хувь нь стандартын шаардлагыг хангажээ.
Дээрх шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтанд хамруулаагүй, сортын хянан баталгаа хийлгээгүй, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь агуулахыг технологийн дагуу ариутгаагүй зэрэг олон зөрчил илэрчээ. Хяналт шалгалтаар илэрсэн 45 зөрчлөөс 10 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар авчээ. Мөн “Таримал ургамлын үр, сортын тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн 3 аж ахуйн нэгж байгууллагад 630,8 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ