Э.Сумъяа, Т.Мөнхтуяа нар мөнгө, Б.Одончимэг хүрэл медаль хүртлээ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден гран-при” олон улсын уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.
Дэвжээнд Монголын нэрийг төлөөлж есөн тамирчин өрсөлдснөөс 51 кг-ын жинд барилдсан ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа болон 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа нар мөнгөн медаль хүртэж 5 мянган ам.долларын эзэн боллоо. Харин 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Бадрахын Одончимэг хүрэл медалиар энгэрээ мялаасан.
ОУХМ Э.Сумъяагийн жинд зургаан бөх барилдсан бөгөөд тэрээр эхний тойрог хийлээд дараагийн тойрогт Унгарын бөх Денес Мерседесийг ялж шигшээ барилдаанд шалгарчээ. Харин аваргын төлөөх барилдаанд Япон улсын бөх Марека Шидочид 8:5 харьцаатай ялагдаж мөнгөн медалийн эзэн болов.
59 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Т.Мөнхтуяагийн хувьд 1-р тойрогт Украйн улсын бөх Ганна Василенког цэвэр ялж дарааагийн тойрогт ДАШТ-ний 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт Марианна Шастинатай барилдсан. Мөнхтуяа энэ жилийн ДАШТ-ний хагас шигшээ барилдаанд Шастинад 7:0 харьцаатай ялагдаж байсан бол энэ удаа 13:6 харьцаатай илүүрхэж хариугаа авсан байна. Харамсалтай нь шигшээ барилдаанд Беларус гаралтай ч Азербайжан улсын нэрийн өмнөөс барилддаг Юлия Раткевичид 6:4 харьцаатай ялагдсан.
72 кг-ын жинд барилдсан Монголын хоёр тамирчин болох О.Бурмаа болон Б. Одончимэг нар тэмцээний эхний тойрогт таарч Одончимэг 5:4 харьцаатай ялсан ч дараагийн тойрогтоо Япон улсын бөх Хирое Сузукуд 2:1 харьцаатай ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстан улсын бөх Эльмира Сыздыковатыг 11:4 харьцаатай буулган авснаар медалийн тавцан дээр зогсож чадлаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ