Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал болж байна

img

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын нээлт Өмнөд Африкийн Дурбан хотноо боллоо. Бага хурлын нээлтэд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Зума болон Чад улсын Ерөнхийлөгч, Ангол Улсын дэд Ерөнхийлөгч нар оролцов. Тус бага хурлын үйл ажиллагаанд дэлхийн 194 орны 15 мянга орчим төлөөлөгч, хэвлэл мэдээлийн ажилтан, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.  Бага хурлын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудын 17 дугаар бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын 7 дугаар хуралдаан, конвенцийн туслах байгууллагуудын хуралдаан болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээний хоёр нээлттэй ажлын хэсгийн хуралдаан болж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Гүйцэтгэх  нарийн бичгийн дарга Кристина Фигурес энэ жилийн бага хурлын үйл ажиллагааны онцлогийг тодорхойлж хэлсэн үгэндээ ноднин Мексикийн Канкун хотноо хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг урагшлуулах, тухайлбал, Уур амьсгалын ногоон сангийн эрх зүйн үндсийг хэлэлцэн баталж, тус сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, шинэ технологи дамжуулах, нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх, Дасан зохицох хороо байгуулах  зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг  бууруулах асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй чухал асуудал болж байна.  Уг асуудлын хүрээнд Японы Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн нэмэлт протоколыг 1997 онд баталж,  хөгжингүй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд зонхилох нөлөөлөл үзүүлдэг хүлэмжийн хийн ялгаралтыг тодорхой хувиар бууруулах үүрэг амлалт хүлээлгэсэн юм. Энэхүү үүргийн хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-нд дуусах тул хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар улс орнуудын хүлээх үргийг шинэчлэн тодорхойлох шинэ баримт бичгийг тохиролцох асуудал Дурбанд цугласан олны анхаарлын төвд байна. Эдгээр асуудал болон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлыг талууд 12 дугаар сарын 9-нийг хүртэл  хэлэлцэнэ. Талуудын бага хурлын 12 дугаар сарын 6-нд эхлэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Энэ жилийн тухайд бас нэг чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн нь ирэх 2012 онд болох конвенцид оролцогч талуудын 18 дугаар бага хурлыг хийх улсыг шийдвэрлэсэн явдал юм. Талуудын бага хурлыг бүс нутгуудад ээлжлэн хийх  зарчмын дагуу дараагийн бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулах хүсэлтийг Азийн 2 улс, тухайлбал, БНСУ болон Катар улс тус тус тавьж хэдэн жилийн турш хэлэлцээ хийсэн боловч тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй байсан бөгөөд, харин 11 дүгээр сарын 29-ний өдөр уг асуудлыг дээрх 2 улс зөвшилцлөөр шийдэж харилцан тохиролцсон талаар албан ёсоор мэдэгдэл хийв. Ийнхүү Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 18 бага хурлыг Катар улсад зохион байгуулахаар болж, харин Сайд нарын бага хурлыг БНСУ-д зохион байгуулах болсныг 2 улсын төлөөлөгчид мэдэгдэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ