Хүннү гүрний ойг ирэх жил тэмдэглэнэ

img

Ирэх жил  Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойг тэмдэглэнэ. Энэхүү ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ахална. Хүннү гүрний 2200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь Монголчууд  нүүдэлчдээс анх удаа төрт улсаа байгуулсан,  соёл иргэншилт хөрш улсуудтай эн тэнцүү харьцдаг байсан зэргийг харуулж, улс орноороо бахархах, эх оронч үзэл төлөвшихөд чухал хувь нэмэр болно гэж Засгийн газар үзэж байна.

Хүннү гүрэн нь одоогийнхоор бол олон үндэстний улс байсан учир тэгш ойг Ази, Европын олон оронтой хамтран тэмдэглэж нүүдэлчдийн түүх, соёлыг дэлхийд таниулах боломж ч бүрдэх юм. Монголчуудын төр ёсны уламжлал МЭӨ 209 онд нүүдэлчдийн түүхэнд анхны эзэнт гүрэн байгуулсан Хүннүгээс язгууртай. Хүннү гүрний төрд засаг захиргааны гурван гарт хуваах зарчим, 10-тын тогтолцоо, түшмэдийн аппарат, хэв хууль, алба гувчуур, цэрэг арми, хууль, шорон, гяндан зэрэг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, элчин харилцааны тусгай дэг жаяг байжээ. Төрийн эдгээр шинж, бүрдлийг 13 дугаар зууны Их Монгол Улсын төр уламжлан авсныг судлаачид нотолсон байна.

Хүннү гүрэн асар уудам нутгийг эзлэн оршиж байсан ч төр улсын голомт,  тархан сууж байсан газар нутгийн дийлэнх нь одоогийн манай улсын нутаг дэвсгэрт багтдаг. Иймээс ч Хүнүгийн үеийн 5 мянга орчим булш, 20 орчим хот, суурин, 7 оршуулгын дурсгалт газар манай улсын нутагт илрээд байна.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ