Нийслэлийн шатрын аваргууд тодорлоо

img

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан НИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан нийслэлийн сонирхогчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.

Энэхүү тэмцээнийг НИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан. Тэмцээнд 2000-аас доош рейтингтэй, спортын цолгүй 177 эрэгтэй, 11 эмэгтэй нийт шатарчин оролцож, Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргажээ.

Эрэгтэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын эхний гурван байр, ахмад болон төрийн байгууллагын тус бүр нэг оролцогч шилдгээр тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон. Мөн тэмцээнээс эрэгтэй 20, эмэгтэй долоон шатарчин ирэх оны нэгдүгээр сард болох “Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрх авлаа.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Олон улсын Шатрын холбоо (ОУШХ)-ны шүүгч, спортын мастер Б.Нямдаваа, ахлах шүүгчээр ОУШХ-ны мастер М.Гүнбаяр, шүүгчээр спортын дэд мастер Э.Энх-Амгалан нар ажилласан.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ