Шилдэг бүтээлүүдийг 40 сая төгрөгөөр худалдаж авчээ

img

Оны шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдан авах зорилготой уламжлалт үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын уран зургийн галерейд боллоо. 120 уран бүтээлчийн 150 гаруй бүтээлийг багтаасан эл үзэсгэлэн энэ сарын таван хүртэл үргэлжилж, томилогдсон шүүгч нар шилдэг бүтээлийг тодруулах аж. Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах тухай Засгийн газрын тогтоолын дагуу 1998 оноос хойш жил бүр 20 сая төгрөгөөр дүрслэх урлагийн шилдэг бүтээл, 12 сая төгрөгөөр хөгжмийн бүтээл худалдан авдаг болжээ. Жилд дунджаар дүрслэх урлагийн 13-15 бүтээлийг шилдгээр шалгаруулан улсын санд худалдан авч, уран зургийн галерейн сан хөмрөгийг баяжуулдаг ба өдгөө тус галерей 3500 орчим бүтээлээр арвижжээ. Дашрамд дуулгахад, өнг өрсөн жил Ё.Далх-Очирын “Цагаан Агула”, Т.Энхболдын “Нүүдэл суудал”, Д.Батзоригийн “Хэзээ ч ургадаггүй мод”, Г.Сэрээтэрийн “Дэлгэр хангайн зун”, С.Дагвадоржийн “Миний газар шороо”, П.Цогтбаатарын “Базар өвөө явж байна”, Д.Дорждэрэмийн “Эх”, Ц.Энхжингийн “UM 1”, Ц.Цэгмэдийн “Ертөнцийн цуурай”, Ц.Эрдэнэцогийн “Тэнгэрийн цааз” , С.Бадралын “Хөвгүүдийн дуун”, Д.Баттөмөрийн “Түрүү морьтны магтаал”, Б.Чогсомын “Тарлан хайрхан” гэсэн 13 бүтээлийг 40 сая төгрөгөөр улсын санд худалдан авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ