Эрүүл мэндийн сайд С.Ламбаа БНАЛАУ-аас Монгол Улсад

шинээр томилогдон суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг Ноён Боунханг Саясанавонгийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд С.Ламбаа элчин сайд Ноён Боунханг Саясанавонгийг Монгол Улсад элчин сайдаар томилогдон ирж ажиллаж байгаад баяр хүргэв.
Сайд С.Ламбаа Монгол-Лаосын Засгийн Газар Хоорондын Комисс /ЗГХК/-ын Монголын хэсгийн даргын хувьд ЗГХК-ын VIII хуралдааны шийдвэрийн биелэлт, хэрэгжилт болон 2012 онд болох ЗГХК-ын IX хуралдааны бэлтгэл ажлын талаар ярьж тус хуралдааныг 4 дүгээр сард багтаан хуралдуулах саналаа илэрхийлэв.
Элчин сайд Б. Саясанавонг сайд С.Ламбаад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол-Лаосын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2012 онд тохиож байгаатай холбогдуулаад БНАЛАУ-аас Монгол улсад өндөр дээд хэмжээний төлөөлөгчид айлчлах талаар мэдээлээд ЗГХК-ын IX хуралдааныг 2012 оны 4-5 дугаар сард багтаан хуралдуулах тал дээр анхаарч байгаад талархлаа илэрхийлэв. Мөн түүнчлэн 2012 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Европ, Азийн 50 гаруй төр засгийн тэргүүн нарыг оролцуулсан АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалтыг БНАЛАУ өөрийн улсдаа зохион байгуулах болсон талаараа мэдээлж тус уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг мөн урьж оролцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдэгдэв. Уулзалтын төгсгөлд элчин сайд Б. Саясанавонг хоёр улсын харилцаанд эрүүл мэндийн салбар чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлснийг сайд С. Ламбаа найрсгаар хүлээн авч Элчин сайдад ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ