С.Жавхлан дэлхийгээр тархсан Монголын соёлын үнэт өвүүдийг эх орондоо авчирна
МУГЖ, дуучин С.Жавхлан өнгөрсөн хавар “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлэн, Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад зэрэг орнуудаар морилж, элэг нэгт ахан дүүстэйгээ хамтран тоглолт хийсэн билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр “Хамаг Монгол” төслийнхөө үргэлжлэл болгож “Дэлхийн Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлт “Хөх нуруут” төвд боллоо. Хэвлэлийн хуралд МУГЖ С.Жавхлан, “Зөв сэрэхүй ухаан” ТББ-ын тэргүүн Г.Намираа, МҮОНРТ-ийн продюсер Н.Агааноров, “Go” студийн захирал Д.Галбаяр оролцлоо.
6
Энэ үеэр МУГЖ С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд бид “Хамаг монгол” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Харин ирэх оны нэгдүгээр сараас эхлэн манай төслийн баг “Дэлхийн монгол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Тиймээс өнөөдөр уг төслийнхөө нээлтийг хийж байна. Бид өмнөх төслөө хэрэгжүүлэх явцдаа “Дэлхийн монгол” төслөө төлөвлөж, судалгааг нь давхар хийж явсан. Бидний өмнө хэрэгжүүлсэн “Хамаг монгол” төсөл соёлын биет бус өвийг хамгаалах, монгол түмэндээ түгээх зорилготой байсан бол энэ удаагийн төсөл маань монголоос алдагдсан соёлын биет өвийг цуглуулах, эх оронд нь эргэн авч ирэх боломжийг судлахад оршиж байна. Тиймээс монголчууд та бүхэн маань бидэнтэй хамтран ажиллаж, бидний хэрэгжүүлэх төслийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.
6Харин “Зөв сэрэхүй ухаан” ТББ-ын тэргүүн Г.Намираа АНУ-д тус улсын дөрвөн иргэн, ОХУ-ын нэг иргэн хамтран “Дэлхийгээр аялагч Чингис хааны музей”-г ажлуулдаг гэдгийг дуулгасан юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
6
- АНУ, ОХУ-ын иргэд хамтран монголын 13-р зууны үеийн эд зүйлсээр үзэсгэлэн гаргадаг талаар та түрүүн ярьлаа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Дэлхийгээр аялагч Чингис хааны музей”-г АНУ, ОХУ-ын таван иргэн хамтран гаргадаг юм билээ. Бидний авсан сүүлийн мэдээллээр тус үзэсгэлэнг хамгийн сүүлд АНУ-ын Чикаго хотод дэлгэн үзүүлсэн байгаа юм. Тус үзэсгэлэнг Фильд музей, Олстейт зэрэг компаниуд ивээн тэтгэж гаргасан юм билээ. Түүнээс өмнө БНХАУ, Япон, Англи зэрэг олон орнуудад дэлгэгдэж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн монголын 13-р зууны үеийн 200 гаруй олдвор тухайн АНУ-ын дөрвөн иргэний гар дээр байна гэсэн үг. Тиймээс монголчууд бид энэхүү соёлын үнэт биет өвөө эргүүлэн эх оронд нь авчирах хэрэгтэй.
6
-“Дэлхийгээр аялагч Чингис хааны музей”-г нэг хүн үзэхэд хэдэн доллараар үздэг вэ?
-Бидний авсан мэдээллээр тус үзэсгэлэнг нэг хүн, нэг удаа үзэхэд 50 доллараар үздэг. Өөрөөр хэлбэл, гадны иргэд манай улсын соёлын өв, уламжлалаар мөнгө олоод байна гэсэн үг шүү дээ. Үнэндээ бид Чингисийн үр сад хэмээн цээжээ дэлдээд, уул овоо дээрээ дүрийг нь мөнхлөөд байдаг хэрнээ цаана нь бидэнд тэднээс үлдсэн биет өв бараг байдаггүй юм байна. Тэднээс үлдсэн өвийн дийлэнх нь гадаадад байна.
6
-Та бүхэн тэдгээр АНУ-ын иргэдтэй энэ асуудлаар холбоо тогтоосон уу?
-Одоохондоо тэдэнтэй холбоо харилцаа тогтоогоогүй байна. Тиймээс энэ асуудалд манай хэвлэл мэдээллийн байгууллага, хувь иргэд бүгд хамтарч, дуу хоолойгоо нэгтгэж байж, дэлхийд тархсан соёлын өвөө цуглуулах боломжтой юм. Ер нь бол соёлын өв гадаадад гарах хоёрхон үндэслэл байдаг. Нэгдүгээрт, дайн дажингын үед, эсвэл тухайн улсын эдийн засгийн хямралын үед соёлын биет өвөө алддаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг юм билээ” хэмээн ярив.
6
Ямартаа ч, ирэх онд хэрэгжүүлэх “Дэлхийн Монгол” төслөөрөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол оронтой холбоотой соёлын биет өвийг цуглуулахаар болсон байна. Монголын хаад, ноёд, язгууртан болон жирийн ард түмний эдэлж хэрэглэж байсан соёлын эд өлгийн үнэт өвүүдийг “Дэлхийн Монгол” төслийнхөн цуглуулан Монголд авчран нэгтгэж үзмэр болгох аж. Тэд эхний ээлжинд Монголд байдаг бүх музейгээр явж, судалгаа хийх юм байна. Үүний дараа хувь хүний гар дээр байгаа соёлын үнэт өвүүдийг цуглуулах аж.
5
Ингэхийн тулд ССАЖ, ГХЯ гэх мэтчилэн холбогдох яамдуутай хамтран ажиллах хэрэгтэй байгаа аж. Судалгааны ажлын үеэр “Go” продакшныхан баримтат кино хийх юм байна. Соёлын өвийг хадгалж байгаа бүх хүмүүстэй уулзсан, эд хэрэглэлийг нь сонирхсон, музейд тавих асуудлаар ярилцсан гэх мэт судалгааны явцын талаарх бүх мэдээллийг уг баримтат кинонд харуулах ажээ.
5
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ