Долоон өдөр цасан дунд тэмцсэн тэвчээрийг кино хальсанд “мөнхөлжээ”
МУГЖ Н.Нэргүйбаатар “Үхэл амьдралын заагт” хэмээх баримтат уран сайхны кино бүтээжээ. Тус киноны нээлт энэ сарын 29-нд буюу нөгөөдөр Өмнөговь аймагт болох аж.
Энэхүү киног Өмнөговь аймгийн Номгон сумын иргэн Ц.Түмэндэлгэрт тохиолдсон бодит явдлаас сэдэвлэжээ. Н.Нэргүйбаатар киноныхоо тухай “Өнгөрсөн цагаан сарын дараахан нэгэн залуу Өмнөговь аймагт түргэн тусламж дуудахаар мотоцикльтой давхиж яваад хунгарт унахдаа баруун хөлөө хугалчихсан юм билээ. Тэгээд арай гэж нөгөө хунгараасаа гарч ирэх үед үүр цайж байсан гэдэг. Тэр эзэнгүй говьд юу байх билээ. Шувуу ч тоотой ниснэ шүү дээ. Тэгээд манай хүн зургаан шөнө, долоон өдөр хээр гадаа мөлхсөөр байгаад машин зам дээр ирсэн байгаа юм. Энэ мэдээллийг сонсоод монгол хүний тэсвэр тэвчээр, хоол ундгүй, идэр ес тачигнаж байхад хөл нь хугархай хүн ийнхүү үхэлтэй тэмцэж байгааг үзээд кино хийх санаа төрсөн” гэжээ.
Мөн зөвхөн энэ хүнээр төдийгүй манай улсад үхэл амьдралтай тэмцэж байгаа эгэл баатрууд олон бий л дээ. Харамсалтай нь яг энэ сэдвээр хийсэн дориун уран бүтээл хараахан гараагүй байна. Тэгэхэд америкчууд хаданд гараа хавчуулсан нэг нөхрийн гарыг тайраад дэлхий нийтээр нэг сенсаци болсон кино саяхан хийсэн. Оросууд мөн л эх орны дайны үед хөл нь хугарсан нэгэн дайчин хэрхэн тулалдаж, тэмцэлдэж байгаа тухай тэсвэр хатуужил харуулсан кино бүтээсэн байдаг. Ийм байхад монголчууд яагаад тэмцэгч баатруудынхаа тухай кино хийж болохгүй гэж гэсэн миний хор шар хөдлөөд Өмнөговийн Номгон сумын иргэн Ц.Түмэндэлгэрийг киноныхоо гол дүр болгохоор шийдсэн тухайгаа ярьсан байдаг.
Киноны зохиолыг доктор Д.Цэнджав бичиж, ирэх онд тохиох Номгон сумын 90 жилийн ойд зориулан бүтээсэн байна. Ерөнхий продюсороор Г.Бат-Эрдэнэ, Ц.Амгалан нар ажилласан бөгөөд гол дүрүүдэд СТА Ц.Батзандан, Н.Бямбацогт, Н.Аззаяа, Б.Эрдэнэбилэг нарын жүжигчин тогложээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ