“Найрын ширээний ууц” жүжгийг өнөөдөр тоглоно
Монголынхоо үзэгчдийн мэлмийг дэлхийн болон өөрийн орны зохиолчдын сонгодог бүтээлээр мялааж байдаг Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдаад 82 жил болж байна. Хоёр жилийн өмнө энэхүү театрын хамт олон түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж байсан.
Харин өнөөдөр тус байгууллагын залуу уран бүтээлчид үе үеийн ахмад уран бүтээлчдээ зориулан “Бид мартахгүй” хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Хүндэтгэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17:00 цагаас “Найрын ширээний ууц” жүжгийг УДЭТ-ийн тайзнаа тоглоно. Энэхүү жүжиг анх 1981 онд тоглогдож байсан. Нэрт найруулагч И.Доржсамбуу агсны дипломын ажил болох энэ жүжгийг тухайн цагт тоглосноос хойш уран бүтээлчид эх орныхоо 18 аймаг, 300-гаад суманд аялан тоглож байжээ.
Мөн өглөө 10:00 цагт уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болсон бол одоо "Театрын уран зургийн хөгжлийн асуудал", "Ахмад үеийн арга туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ