Алтан пянзны орлогоо хүүхдүүдэд хандивлана
Монголын рок попын 20 жилийн түүхийг бичилцсэн Хурд хамтлаг энэ сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB palace”-ын концертын их танхимд хийлээ. Тэд 20 жилийн ойдоо зориулан футболка, гарын болон хүзүүний зүүлт, календарь, урын сан дахь бүх дууны үгийг багтаасан сэтгүүл зэрэг дурсгалын зүйлийг шүтэн бишрэгчиддээ зориулан хэвлүүлсэн. Эдгээр зүйлийн хамгийн том буюу үнэ цэнэтэй нь хамтлагийнхны мөрөөдлийг биелүүлсэн алтан пянз байв.
1
Хоёр өдрийн тоглолтоороо тус бүр нэг алтан пянзыг дуудлага худалдаанд оруулсан. Хурд хамтлагийн туурвисан 180 гаруй уран бүтээлээс шилдгийн шилдэг найман дуу багтсан алтан пянзны дуудах анхны үнэ 99 мянган төгрөгөөс эхэлсэн. Эхний өдрийн тоглолтод үнэ хаялцуулсан алтан пянз 5 сая төгрөгт хүрч, тус хамтлагийн гоцлол дуучин Д.Төмөрцогийн багийн найз н.Ганзориг худалдаж авсан билээ. Хоёр дахь өдрийн тоглолтоор дуудагдсан алтан пянзыг хувиараа бизнес эрхэлдэг н.Цолмон гэдэг залуу мөн л 5 сая төгрөгөөр өөрийн болгосон юм.
1
“Хурд” хамтлагийн хоёр алтан пянз 10 сая төгрөгт хүрлээ. Энэхүү мөнгийг ЭХЭМҮТ-д зүрхний хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлана гэдгээ хамтлагийнхан хэлж байсан юм. Тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бидний мөрөөдлийг биелүүлсэн алтан пянз тэдгээр хүүхдийн хүслийг биелүүлэх болно” хэмээн хэлсэн.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ