Уяраасан, доргиосон 20 жил
Тайзны ар талын дэлгэц дээр Монгол улсын Ардын жүжигчин Б.Дамчаа саарал хантаазныхаа халаасанд гараа хийгээд, баргил бүдүүн атлаа намуухан уянгалаг хоолойгоор ...Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй...гэж дуулна. Хурд хамтлагийн 20 жилийн ойн тоглолт ийнхүү үргэлжилж байна. Үзэгчид “Эх орон” дуугаа хэрхэн дуулах бол хэмээн янз бүрээр тааварлаж байсныг үүгээр тайлсан юм.
1
Хорин жил турш “Хурд”-ын дууг сонссоор яваа үнэнч шүтэн бишрэгчид болон сүүлийн 10-аад жилийн өмнөөс цоглог, уянгалаг рок дуунуудаар нь сонороо мялааж, даган дуулах болсон залуухан фенүүд “UB palace”-ын концертын их танхимын суудлыг пиг дүүргээд, завсар зайд нь зогсон үзэж байлаа. Үзэх ч гэж дээ тэд бараг л 20 жилийн ойн тоглолтыг хамтдаа хийчих шиг болсон. Учир нь гурван цаг орчим үргэлжилсэн тоглолтын турш суудалдаа тухалсан үзэгч тун цөөхөн. Алтан пянзны дуудлага худалдаа өрнөсөн хэдэн минутыг эс тооцвол.
1
1993 оноос эхлээд өнөөг хүртэл бүтээж, туурвих хугацаанд “бидэнд хуушуурын мөнгөгүй байсан өдөр ч бий” гэж хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр хэлж байсан. Халаасандаа 50 төгрөггүй ч хийж бүтээх чин үнэнч сэтгэлээр зохиосон тэдний бүтээлийг 20 жил өнгөрөхөд хэн ч мартсангүй. Урт үс, хар хүрмээр гоёчихоод, байнга л “амьдаараа” дуулдаг хамтлагийн гоцлол дуучин Цогоо “Өнчин дэрэн дээр нойр хулжин...” гэж эхлэхэд үзэгчид нэгэн зэрэг босч “Цэргийн бодол”-ыг түрэн дууллаа. “Аавдаа би хайртай”, “Би аавтай хүн”, “Ээждээ өргөх дуу”, “Би Монголтойгоо адилхан” зэрэг ижий аав, цэрэг эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй уянгын рок дуугаар найрын дугараа өргөхөд хуримын зочид бүгд түрэхээр “нийтийн” дуу болсон билээ.
1
Төмөр замын ажилтан Дамбын хүүхдүүд “Хурд” хэмээх рок хамтлаг байгуулж, тэртээх 20 жилийн өмнө Монголын рок попын ертөнцөд орж ирсэн ч тухайн үеийн хүмүүс урт үстэй, уранхай жинстэй, ковбой гутал өмссөн рок дуулдаг горзгор залуусыг хүлээж авахад бэлэн биш байсан гэдэг. Энэ тухай тус хамтлагийн гитарчин Отгонбаяр “Тэр үед намайг уранхай жинс өмсөхөөр ээж маань хэдүүлээ цалин буухаар мөнгөө нийлүүлж байгаад энэ Отгоод нэг өмд авч өгье” гэдэг байж билээ хэмээн хошигнож байсан. Гэвч өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хөдөлмөрлөж чадсанаар өнөөдөр олон мянган шүтэн бишрэгчтэй болж, тэдэнтэйгээ хамтдаа 20 жилийн ойгоо тэмдэглэж, зүүд, мөрөөдөл нь байсан “Алтан пянз”-аа хэвлүүллээ.
1
Ийнхүү монголын хамтлаг дуучдаас анх удаагаа хэвлүүлсэн алтан пянзаа тоглолтын үеэр дуудлагаар худалдлаа. Билэгдэл агуулж 99 мянган төгрөгөөс эхэлсэн пянзны үнэ таван сая төгрөгт хүрч н.Цолмон хэмээх хувиараа бизнес эрхэлдэг залуу худалдан авлаа. Хурдынхны мөрөөдлийг биелүүлсэн алтан пянзны үнэ зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн хагалгаанд орох хүслийг ийнхүү биелүүлнэ хэмээн хамтлагийн ахлагч Д.Ганбаяр хэлсэн.
1
20 жилийн ойн нэгэн гэнэтийн бэлэг нь “Хурд”-ын үргэлжлэл байлаа. Ахан дүүсийн амин холбоогоор бүтсэн тус хамтлагийн гишүүдийн хүүхдүүд “Энержи” хамтлагийг бүрдүүлж аав, ах нарынхаа тоглолтод бэлэг барьсан юм. Тус хамтлагт бөмбөрчин, дуучин, гитарчин бүгд байснаас гадна бүжигчид нэмэгдсэн байлаа. Мөн төрсөн өдөр нь тохиосон бөмбөрчин Д.Отгонбаатарт үзэгчид “Төрсөн өдрийн дуу”-аар бэлэг барилаа.
1
Дараагийн дуу эхлэх чөлөөгөөр хамтлагийнхны найзууд тайзан дээр гарч ирж бэлэг гардуулсан, гитар тоглож гар нь завгүй байгаа Отгонбаяр хурдын логотой бөмбөлөг тайзан дээрээс үзэгчид рүү “өшиглөж” бэлэглэсэн, гитарчид, бөмбөрчин гарын үсэгтэй цохиур, фудболкаа шидэж фенүүддээ дурсгасан бэлэг дүүрэн үдэш байлаа.
"Хар салхи", “Атаархал”, "Хүн", “Чоно” зэрэг “heavy metal” дуугаараа доргиож хөөргөсөн, ухаарал хайрласан уянгын рок дуунуудаараа хөглөж, омогшуулсан Хурдын тоглолт өндөрлөх тийшээ хандаж, 20 жилийн турш хамтдаа байсан үнэнч улаан фенүүдээ хүндэтгэн мэхийн ёслож, “Хайрын улаан сарнай”, “Хамаг Монгол”-оо дуулахад үзэгчдийн сэтгэлзүй тарахад бэлтгэгдээгүй байх шиг байсан.
1
Ийнхүү 18 дахь удаагийн тоглолтоо хөтлөн явуулж байгаа хамтлагийн хөтлөгч, гитарчин Д.Отгонбаяр “Та нар минь байгаа болохоор бид аз жаргалтай байдаг” хэмээснээр амьд хөгжмийн намуухан боловч хүчтэй аялгуу эгшиглэж, Д.Төмөрцог “Чи минь байгаа болохоор...” хэмээн урьдын адил үзэгчидтэйгээ хамтран дуулсан. Хорин жилийн турш өөрсдөө цуцаагүй, бутраагүй үзэгчидтэйгээ хамтдаа байсан Хурдын тоглолт “30 жилийн ойгоороо дахин уулзацгаая” гэдэг үгээр өндөрлөсөн. Тэд “Бид Монголын домог болсон тэр цагтаа л тайзнаас бууна” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Хурдыг хүнээр төсөөлвөл 20 нас хүрч буй цэл залуухан нэгэн. Тэд 20 жилийн түүхийг бүтээжээ. Одоо түүхийг зузаалж, домог болохоор хөдөлмөрлөх нь.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ