З.Занабазар түрүүлж, 1500 ам.долларын эзэн болов
ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Чөлөөт бөхийн ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд Олимпийн гурав, Дэлхий болон Европийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, алдарт бөх Бувайсар Сайтиевийн нэрэмжит ес дэх удаагийн чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээний 54 кг-ын жинд барилдсан өсвөрийн Ази тивийн аварга Занданбудын Занабазар түрүүлж, Сайтиевийн нэрэмжит тэмцээнд Монголоос түрүүлсэн гурав дахь бөх болов. Монголын баг тамирчдыг нийслэлийг шигшээ багийн дасгалжуулагч П.Чулуунбаатар дасгалжуулан авч явжээ. Манай улсаас 1997-1999 оны хооронд төрсөн 17 бөх Красноярскын дэвжээнд өрсөлдсөн юм.
Герман, Иран, Бельги, Казахстан, Таджикистан, Киргизстан, Узбекистан, Монгол, ОХУ-ын Буриад, ОХУ-ын Якут, ОХУ-ын Дагестан, ОХУ-ын Чуваш, ОХУ-ын Хакасий зэрэг 13 орны 348 тамирчид 13 жингийн ангилалд өрсөлдсөн. Жин тус бүрт түрүүлсэн бөх 1500 ам.доллараар шагнуулсан бол мөнгөн медаль хүртсэн бөх 800 ам. долларын эзэн болов. Харин хүрэл медалиар энгэрээ мялаасан бөх 500 ам.доллараар байлуулсан ба түрүүлсэн бөхийн дасгалжуулагч 300 ам.доллароор шагнуулжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ