Ган экспортлохоор төлөвлөж байна
Манайх төмрийн хүдрийн асар их нөөцтэй ч жилдээ 400 мянга гаруй тонн ган бүтээгдэхүүн импортоор авдаг. Уул уурхай, барилга, зам тээврийн салбар хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт дотоодоос хэрэгцээг хангадаг байх шаардлага тулгарч байна. Тиймээс гангийн үйлдвэрийг байгуулах нь манайд богино хугацааны стратеги байх ёстой.
Энэ хүрээнд Дархан, Сэлэнгийн бүс нутагт 500 мянган тонн ган бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг барьж, цаашдаа хүчин чадлыг нь эрэлттэйгээ нийцүүлэн өсгөх бодлогыг богино хугацаанд баримтлах төлөвлөгөөтэй байна. Харин дунд хугацаандаа Хятад руу ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл хагас боловсруулсан ган экспортлох чиглэлийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг “Гложекс” компанийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар хэллээ.
Нөгөө талаас гангийн үйлдвэр өндөр хүчин чадалтай байж эдийн засгийн үр өгөөжөө өгөхөөс гадна цаашид хөгжих юм. Жилдээ үйлдвэр таван сая тонноос доош хэмжээний ган үйлдвэрлэж байгаа бол бага хүчин чадалтайд тооцогддог байна. Тухайлбал Хятадын гангийн үйлдвэрүүд 5-10 сая тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ийм үйлдвэрийн ашгийн өгөөж нь 5-8 хувьтай гардаг байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ