А.Тлейхан: Ялгаж харьцаад давраад байх юм, зүгээр
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлогдсон. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөөд байсан юм. Хуралдаан болох Төрийн ордны Б танхимд Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Ганбаатар, Д.Сумъяабазар, Ж.Батсуурь, Г.Уянга болон өнөөдрийн хэлэлцэх асуудалд оролцох холбогдох албаныхан, “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийхээр сайд Гантөмөр нар хүрэлцэн ирсэн байлаа.
5
Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхийн хүлээсээр 09.50 минутын орчимд З.Баянсэлэнгэ гишүүн “Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Содбилэг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар гадаадад томилолтоор яваа тул оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. А.Бакей, С.Одонтуяа нар орон нутгаар томилолтоор явсан. Ё.Отгонбаяр гишүүн эмнэлэг орчихоод очно, ирснээр бүртгээд авчихаарай удахгүй ирнэ гэж байна. Я.Содбаатар гишүүн одоо орж явна гэж байна. Ирц бүрдсэн цагт байнгын хороо хуралдаанаа хийх ёстой. Гэхдээ МАН-ын гишүүд ирцэнд аваадахаачээ одоо орж явнаа гээд байгаа болохоор хараад хүлээгээд сууж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа гэж бодож байна” гэв. Гэтэл А.Тлейхан гишүүн түүний энэ үгэнд бухимдаж, МАН-ын гишүүдийг илүүд үзлээ хэмээн хэсэг маргалдсаныг хүргэж байна.
.
А.Тлейхан: МАН-ын гишүүдийг хүлээж байгаа юм биш шүү дээ. Бид нарыг л хүлээгээд биднээс болоод хурал хойшлоод байгаа юм шиг ойлгуулаад байж болохгүй шүү. АН-ын найман гишүүнээс ганц л байна. Энийг юу гээд байгаа юм. МАН-ын гурван гишүүн нь байна, гурав нь ирж байгаа юм байна. Энийг юу гэх гээд байна. Тэр хүмүүсээ авчир л даа, ийм хурал гэж юу байсан юм.
З.Баянсэлэнгэ: Байнгын хорооны хурал гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэй байвал хуралдаж болдог. Хөдөө томилолтоор явсныг нь авчирч болно. Гадаадад томилолттой явчихсан хүмүүсийг би яаж хуралд оруулах юм.
А.Тлейхан: Гадаадад хэн явуулсан юм. АН-ынхан гадаад явж болдог бусад нь явж болохгүй юу.
З.Баянсэлэнгэ: Та тэр үгээ Их хурлын даргад хэл.
Ж.Батсуурь: Томилолтоор явж болно. Тэр хүмүүс ажлаа дуусгаж, томилолтоос ирээд ирц бүрдэхээр хурлаа хийе.
З.Баянсэлэнгэ: Та одоо харж байгаа биз дээ Я.Содбаатар гишүүн ороод ирлээ.
А.Тлейхан: Зөндөө хүн дутуу байхад МАН-ын гишүүдийг хүлээж байна гээд онцлоод байх юм.
З.Баянсэлэнгэ: Юу гэж байгаа юм. МАН-ын гишүүд юм чинь МАН-ынхныг хүлээж байна гэж хэлэхгүй өөр юу гэх юм.
А.Тлейхан: Ялгаж харьцаад давраад байх юм, зүгээр.
З.Баянсэлэнгэ: Давраад байх юм байхгүй би хүнээ л бүртгэж хэлсэн. Гурван гишүүн орж ирж байна. Хүлээж байгаач гэснийг нь л хэлсэн. Өөрсдөө та бүхэн зарчмын шаардлагаа зөв тавих хэрэгтэй.
А.Тлейхан: Ирсэн нь заавал хүлээж суух ямар хэрэг байгаа юм.
З.Баянсэлэнгэ: Тэгвэл одоо ирц хүрэхгүй байна гээд больчихоё л доо.
А.Тлейхан: Больё, больё
З.Баянсэлэнгэ: Я.Содбаатар гишүүнээ уучлаарай та бүхнийг ирцэнд аваач ээ гэсэн хүсэлтийн дагуу хүлээлт үүсгэсэн миний буруу боллоо. Тийм учраас ирц хүрсэнгүй гэж үзэн хурлаа хаая.
..
Ийнхүү байнгын хурлын гишүүд маргалдаж, ирц хүрсэнгүй гэсэн шалтгаанаар хуралдаан хойшлов.
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ