“Хар баасан” гаригтай болъё
АНУ-д “Хар баасан гариг” болж өнгөрөв. Зад хямдрал зарладаг энэ өдрийг тэсэн ядан хүлээгсэд дэлгүүрүүдийн гадаа дугаарлаастай. Хүссэн, шаардлагатай зүйлээ санаанд оромгүй үнээр авдаг болохоор энэ өдрийг алдаж болохгүй. Харин энэ өдөр Монголд яагаад байж болохгүй гэж. Шинэ жилийн өмнө бид ч гэсэн “Хар баасан гариг”-дмаар л байна шдээ.
.
Монголд брэндийн дэлгүүрүүд маш олон. Хамгийн сүүлд үнэт эдлэлийн Chopard брэнд Ханбүргэдэй их дэлгүүрт нээлтээ хийжээ. Сэнтрал Тауэрт бол брэндүүд ёоз ёозоороо. Цаашлаад Наран, Номин, Мах Маll, Улаанбаатар, Мetro Mall, Grand, Бишрэлт, Benetton зэргээр төрөл бүрийн брэнд худалддаг дэлгүүрүүд манайд олон.
.
Дээр нь Алтай кашмер, Гоёл, Гоёо, Буян, Эвсэг зэргээр Монголын брэндүүд ч хоцрох ёсгүй. Хүнсний сүлжээ, электрон барааны дэлгүүрүүдэд ч хамаатай. Энэ бүхэн яагаад нэг өдөр хоншоортой загнаж болохгүй гэж. Агуулахаа чөлөөлөх алтан боломж шүү дээ. Худалдан авагчдаа ч баярлуулчихна. Хамгийн чухал нь өнөөгийнх шиг хямдрал зарлаж байгаа нэрээр хулхидахгүй байх. 100 000 төгрөгийн бараагаа хямдарч байгаа нэрээр дээр нь 200 000 гэж бичсэн цаас наах биш. Харин 100 мянгаа 70 000, 80 000, 50 000 болгон бодит хямдралыг амлах нь цэвэр бизнес. Манай томоохон дэлгүүрүүд хямдрал зарласнаа, элдэв янзын бэлэг урамшуулалтай байгаагаа мэдээллийн хэрэгслээр залхтал ярьдаг ч үнэндээ итгэл төрдөггүй юм. Учир нь тэд нүд баярлуулж, сэтгэл баясгасан хямдралыг нэг ч удаа зарлаж байгаагүй. Ер нь манай дэлгүүрүүд байнгын хямдралтай байдаг. Том, жижиг гэхгүй дэлгүүр бүхэнд SALE гэсэн бичиг харагдах. Харамсалтай нь бүгд хуурамч. Хэрэгцээ шаардлага гараад авдаг болохоос хямдралд итгэсэндээ очдоггүй гэдгийг том дэлгүүрийнхэн мэддэг байх.
.
Дэлхийн хотуудын том дэлгүүрүүд жилдээ 1-2 удаа зад хямдрал зарладаг. Тухайн хотын томоохон баяр ёслол эсвэл жуулчны улирлын үеэр. Бид ч бас бусдаас дутахгүй баярладаг, жуулчин татах үндэсний баяр наадамтай. Тэгэхээр цагаан сар, наадмаар “Хар баасан гариг”-ийг зарлаж, иргэдээ ч баярлуулъя. Наадмаар бол бусадтай адил “Хар баасан гариг”-гаа гайхуулж, өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ гадныханд таниулах том боломж. Харин энэ бүхэнд бизнес эрхлэгчдийн сэтгэл чухал оролцоотой. Хямдрал зарлаж байгаа нэрээр манийгаа хулхидахгүй байх нь нэн тэргүүний асуудал гэдгийг дахин улиглая. Худалдан авагчдын итгэлийг олж авах арга “Хар баасан гариг” ч байж болох юм.
.
Бас монголчууд дэлхийн брэндийг хэрэглэх боломж бүрдлээ, манай дэлгүүр та биднийг дэлхийтэй хөл нийлүүлж байна гэх мэтээр реклам сурталчилгаа цацдаг дэлгүүрүүд түүнийгээ харуулах шинэ боломж. Эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ дэлхийтэй хөл нийлүүлж байгаа юм бол элдэв сонин содон үйлчилгээгээр ч дутмааргүй байна. Шинэ жил ч хаяанд ирлээ. Бүгдээрээ “Хар баасан гариг”-тай болъё.
.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ