Хийснээ дэмжиж хийгээгүйгээ хашраая
Атрын гуравдугаар аян биднийг хүнээс гуйхгүй гурил талхтай, төмс хүнсний ногоотой байх бололцоотой юм гэдгийг дахин сануулллаа. Муу хэлээд байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн сайн тал нь энэ болов. Засаг төр томоохон зах зээл дээр тариаланч, ногоочдын бүтээгдэхүүнийг лангууны түрээсгүйгээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх арга хэмжээ авсан нь эрэлт нийлүүлтийн зохист харьцааг төвшитгөж чадлаа. Энэ жилийн ургац дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох өргөн боломжийг нээж өгөв.
6
Сайны хажуугаар саар гэгчээр асуудал бас байна аа. Зүүн хязгаарынхан хажууд нь байгаа аварга том Хятадын зах зээл рүү үр тариа, төмс хүнсний ногоогоо нийлүүлж чадахгүй байдалд хүрээд байна. Мянга гаруй км-ын алсад байх Улаанбаатарын зах зээл рүү бүтээгдэхүүнээ илгээсэн нь дээр үү дөнгөж 100-гаадхан км-ын чинад дахь Хятад руу экспортолсон нь дээр үү. Мэдээж Хятад нь ашигтай. Харин манай Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд стратегийн бүтээгдэхүүнийг гадагш гаргахгүй байхаар тусгасан нь зүүн хязгаарынханд томоохон цохилт болжээ.
7
Багахан асуудал мэт боловч томоохон боломжоо бид алдаж байгаа юм. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн дээрээ ингэж “хориг” тавиад, түүхий эд гаргахаараа энэ хориг үйлчлэхгүй бол яаж энэ Монголд хүний хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа сэргэх вэ. Газар тариалангийн гол бүсүүд төв, хойд болон зүүн хязгаарт төвлөрч байгаа. Эрэлттэй зах зээлд хамгийн ойрхон нь зүүн хязгаар. Юу ч нийлүүлсэн залгихаар асар том зах зээл. Нөгөө талаар Зүүн хойд Азийн эдийн засагтай бид энэ хязгаараараа л холбогдоно. Дэд бүтцийн салбар олигтой хөгжөөгүй, таслагдмал энэ хязгаараар ирээдүйд уул уурхай, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний “Торгоны зам” дайран өнгөрөх учиртай. Урьдчилаад бид замаа засмаар байна. Хоол хүнс, эрчим хүчний хомсдол даяарын асуудал болоод байна. Бидэнд нөөц нь байна. Үр тариа, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний эх үүсвэр болох нүүрс, шатдаг занар, /бага шиг нефть/, сэргээгдэх эрчим хүчний үүсвэр /салхи, нар, ус/ огтоос хөндөгдөөгүй энэ газар нутагт маань байгаа юм шүү. Тэгээд л Зүүн хойд Азийн эдийн засгийн тэжээл Монгол гэж гадны нөхдүүд хэлж байна.
7
Үр бүтээлтэй газар тариалан, мал аж ахуй бидэнд хэрэгтэй. Түүхий эд дээрээ нэмүү өртөг шингээхийн тулд төрөөс дэс дараатай бодлого баримтлах шаардлагатай. Хөдөө аж ахуйн бирж нь малын гаралтай түүхий эд дээрээ яаж нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг дэмжих вэ, газар тариалангийн энэ асар их нөөцийг хэрхэн зүй зохистойгоор зах зээлийн эргэлтэд оруулах вэ. Толгойны өвчин нь энэ л байх учиртай. Хууль эрхзүйн орчин нь бэлэн байна. Тэгээд ханцуй шамлаад бодлого хэрэгжүүлэх гэхээр хөдөө аж ахуйн нүдэнд үл үзэгдэх “мафийн” хүлээсэнд боомилогдчихоод хаашаа ч хөдлөж чаддаггүй. Хамгийн бага зардлаар хамгийн их ашиг орлого олох шунал олигархиудад асч байгаа энэ цагт эдийн засгийн эрүүл саруул орчин гэж үгүй. Нөгөө талаар улс төртэй нягт сүлбэлдсэн бол хэзээ ч нар үзэхгүй.
7
Эдийн засаг тэлж байвал бидэнд сайн. Тэлэхийн тулд үйлдвэрлэл хөгжиж, нэмүү өртөгт бүтээгдэхүүнүүд экспортыг давамгайлж байх учиртай. Боломж байна аа. Залуус маань шинжлэх ухаан, технологийн салбарт амжилт үзүүлж байна. Мянган жилийн өмнө ямар байсан мал аж ахуйгаараа явмааргүй л байна шүү дээ. Олон арван шинэ технологи, нээлтийг биотехнологийн эрдэмтэд хийж байна. Авч ашиглаж байгаа нь хуруу дарам цөөн. Эрдэм шинжилгээний зардалд нь төсвийнхөө гуравхан хувийг зарцуулж байхад мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай яриад ч хэрэггүй. Бид гайхамшигтай ард түмэн. Бусдаас толгой өндөр байж чадахуйц толгойг энэ газар нутгийн онцлог, амьд үлдэхүйн шалгарал бүтээсэн юм. Олон зуун жилийн хоцрогдол, үгүйрлээс өндийн босч эрх чөлөөнийхөө сүлдийг тахиж үнснээсээ дахин сэрсэн галт шувуу. Мянга мянган залуус маань дэлхийн дайдад гарч "юм үзэж нүд тайлах" тусмаа өөрсдийгөө таньж мэдэрч байна. Бас бусадтай харьцуулан цэгнэж, "бид юугаараа илүү, бас дутуу болох"-ыг мэдэрч байна.
6
Төрийн зохистой ухаалаг бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй болохоос биш хийснийг нь адлаж, хийгээгүйнх нь төлөө мөнгө хуваарилж суудгаа болимоор байх юм. Боломж дүүрэн байгааг хэтэвчиндээ харах биш ирээдүйдээ хармаар байна.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ