
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонссон эгч, дүү хоёр болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг өнгөрөгч хавар тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Эл хүсэлтийг тус улсын эрх бүхий албаныхан хүлээн авч эгч дүүсийг ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх орон руу нь шилжүүлэх болсон байна.
Эгч дүүс болох дээрх хоёр монгол эмэгтэйн нэг нь буюу Б.Норжмаагийн биеийн байдал нь одоогоор маш хүнд байгаа гэж ар гэрийнхэн нь хэлж байна. Тэдний өгч буй мэдээллээр Б.Норжмаа тус улсын шоронд 2008 оноос хойш хоригдож буй бөгөөд бөөрний дутагдалд орж, хоол боловсруулах эрхтэн нь өвчилжээ.
Эгч дүүс хятадад ял сонсох болсон учир нь 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсаныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хууль сахиулах албаныханд хүлээлгэн өгчээ.Тэдний тээвэрлэж явсан бодис нь каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож ийн Хятадын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял сонсчээ.
Дашрамд дурдахад Өмнөд хөрш сүүлийн арав гаруй жил гадаадын улс оронтой ялтан шилжүүлэх гэрээ хийгээгүй бөгөөд манай улстай энэ жил уг гэрээг хийхээр тохиролцоонд хүрсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ