Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн Хүдэр” ХХК-ний хүдэр тээвэрлэх гэрээт компаний жолооч М өнгөрсөн оны 12-р сарын 15-ны өдөр Алтай сумын Тулга толгой гэдэг газар 71-50 УНР улсын дугаартай Давун маркийн авто машин жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс 10-83 УБҮ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн авто машинтай мөргөлдөж иргэн А, Б нарын амь насыг хохироосон хэрэг гарсан.
Мөн иргэн Э, С нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан юм. Энэ хэрэгт орлогч прокурор Н.Ганболд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр анхан шатны шүүх хурал энэ сарын 04-ний өдөр болсон байна. Шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Цэцэг