Дуучин Э.Амартүвшингийн тоглолт Москвад болжээ
Монгол Улсын Гавьяат жүжигчин, П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд шагналтан, Пласидо Доминго OPERALIA тэмцээний тэргүүн байрын шагналт Э.Амартүвшингийн уран бүтээлийн тоглолт энэ сарын 4-нд ОХУ-ын нийслэл Москва хотын төвд орших «Архиповский музыкальный салон»-д болсон тухай ГХЯ-наас мэдээллээ.
Тус уран бүтээлийн тоглолтын үеэр тэрбээр дэлхийн сонгодог бүтээл болох «Риголетто», «Трубадур», «Аида», «Севилийн үсчин» зэрэг дуурийн хэсгээс, мөн П.Чайковский, С.Рахманинов нарын романсыг дуулж сонирхуулжээ. Э.Амартүвшингийн уран бүтээлийн тоглолтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон Москва хотын Соёл, урлагийн дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнууд үзэж сонирхсон байна.
Дуучин Э.Амартүвшингийн уран бүтээлийн дараагийн тоглолт ОХУ-ын Санкт-Петербург хотын Филармонид болох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ