Багш нар Солонгос, Сингапурт амарна

img

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаях тухай асуудал яригдаж байгаатай зэрэгцэн багш нарын ур чадварын улсын уралдаан болж дүнгээ гаргалаа. Өнөөдөр багш нарын хүүхдэд олгож байгаа мэдлэг боловсролд эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж, багш нар мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг шаардах болсон. Энэ асуудалд БСШУЯ-ны Боловсролын хүрээлэнгээс анхаарч жил бүр монголын багш нарын ур чадварын улсын уралдаан, боловсрол судлалын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ нь багш нарын заах арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанарыг ахиулахад үлэмж ач холбогдолтой арга хэмжээ болж иржээ. Тийм ч учраас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр уг арга хэмжээнд оролцож байгаа багш нартай уулзаж санал бодлоо солилцож, шалгарсан багш нарт шагналыг нь гардууллаа. Энэ жилийн монголын багш нарын ур чадварын улсын уралдаанд нийт 69 багш 21 аймаг, нийслэл хотыг төлөөлөн оролцсоны 30 нь бага ангийн, 29 нь дунд ахлах ангийн багш байлаа. 2011 оны багш нарын ур чадварын улсын уралдаанд бага ангийн багш нараас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийн багш Г.Энхцэцэг тэргүүн байр эзэлж, удаах байрт Хэнтий аймгийн Батноров сумын дунд сургуулийн багш С.Сувданчимэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дунд сургуулийн багш Э.Алтантуяа, 3-р байрт Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолборын багш Ч.Эрдэнэцэцэг, Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуулийн багш Б.Баярмаа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын дунд сургуулийн багш Ц.Баярсайхан шалгарсан бол дунд ангийн багш нараас Улаанбаатар хотын СБД-ийн “Шинэ үе” сургуулийн физикийн багш О.Идэрсайхан тэргүүн байр эзэлж удаах байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р дунд сургуулийн монгол хэлний багш Ж.Байгалмаа, Дархан-Уул аймгийн “Од” цогцолборын хөгжмийн багш Ч.Батчимэг, 3-р байрт Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээсур” цогцолборын математикийн багш Л.Уранцэцэг, Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн англи хэлний багш Н.Хүрэлбаатар, Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын биологийн багш П.Батчимэг шалгарлаа. Оны шилдэг илтгэлээр Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор, Монген, 9-р сургууль, 19-р сургуулийн баг тэргүүн байрт шалгарав. Энэ үеэр сайд Ё.Отгонбаяр багш нарт хандаж хэлэхдээ “ Боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн чухал нэг хэсэг нь багш нарын заах арга зүйг олон улсын жишигт хүргэх явдал юм. Энэ утгаараа энэхүү арга хэмжээ маш ач холбогдолтой юм. Тийм учраас дараа жилээс энэхүү арга хэмжээг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож, шалгарсан бүтээлүүдийг олшруулан тараах, сонин хэвлэлд нийтлэх зэргээр шилдэг багш нарын арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шалгарсан багш нарын шагнал урамшилд ч анхаарна. Энэ жилээс эхлэн тэргүүн байр эзэлсэн  4 багшийг гадаадад амрах эрхээр шагнаж байхаар шийдлээ. Энэ удаа тэргүүн байр эзэлсэн 4 багшийг Солонгос, Сингапур улсын аль нэгэнд амрах эрхээр шагнаж байна” гэж сайдыг хэлэхэд багш нар танхим дүүрэн алга ташилтаар угтлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mal siadaa amlaltaa bieluuleech ee
2012-07-25
Solongost ochood harlaj bulai boloh vii dee kk. Neleed n harlana daa medej l bna!
2011-12-04
bagsh nartaa bayar xurgie, minii duu 2-r bairt orson baina, mash bayartai baina, duugeeree baxarxaj baina
2011-12-02