Есөн хатны амьдралыг бүжгийн хэлээр үзүүлнэ
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монголын 800 гаруй жилийн түүхэнд алдар гавьяа, үйл хэргээрээ мөнхөрсөн есөн хатны тухай “Монголын их хатад” бүжгэн туульс бүтээн өөрийн тайзнаа тавихаар болжээ.
Тодруулбал, домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн хэлээр харуулах юм. Гол дүрүүдэд: Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ, Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга, Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал, Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал, Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин, Сорхагтани хатан - бүжигчин МУСТА М.Бямбаа, Чимбай- бүжигчин Л.Энхболор, Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа, Мандухай - бүжигчин МУСТА Ж.Мандухай нар бүжиглэнэ.
Энэхүү бүжгэн туульсийн Ерөнхий продюсерээр ҮДБЭЧ-ын ерөнхий захирал Г.Цоггэрэл ажиллаж, цомнолыг Н.Болд, хөгжмийг Төрийн соёрхолт Б.Мөнхболд, хөгжмийн найруулга М.Бирваа, бүжиг дэглээч Д.Баярбаатар, УГЖ, А.Даваахүү, МТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, Удирдаач Н.Буянбаатар, үндэсний их найрал хөгжимчин, дуучин зэрэг тус чуулгын 190 гаруй уран бүтээлч оролцжээ.
“Монголын их хатадын бүжгэн туульс” энэ сарын 15-17-ны өдрүүдэд тоглогдох ба тасалбар үнэ нь суудлын зэрэглэлээс хамаарч 20.000- 25.000 төгрөгийн үнэтэй байх аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ