“Есөн эрдэнийн Ганжуур” -ын гэрчилгээг гардуулна

img

 

Парис хотноо өнгөрсөн сарын 5-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова "Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Олон улсын баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод гардуулан өгсөн билээ. Тэгвэл  “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол өнөөдөр 15:00 цагт тус байгууллагын Үнэт ховор номын музейд болно. Энэ үеэр мөн ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн гарна.

Дашрамд дурдахад, 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн “Олон улсын баримтат өв”-д бүртгэсний дотор “Есөн эрдэнийн Ганжуур”  багтсан юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цагаандорж:
монголчууд маань номоо дээдэлж байсны тод жишээг дэлхийд таниулсан сайхан ажлын биелэл юм даа номын цагаан буян дэлгэрэх болтугай
2013-12-13