Хүхэрлэг хийн агууламж буурчээ

img

Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлох хяналт шинжилгээг 1976 оноос эхлэн хянаж эхэлсэн бөгөөд 1995 он хүртэл хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг тодорхойлохдоо өдөрт 3 удаа дээж авч хэмждэг юм байна. 1995 оноос өнөөг хүртэл 24 цагийн дунджаар хэмжиж тодорхойлж байгаа аж. 2010 оны зургадугаар сард Францын Засгийн Газрын зээлээр агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 буюу том ширхэглэгт тоосонцор, РМ2,5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг байнга тасралтгүй тодорхойлох чанарын менежментийн системийн ISO 9001:2000 стандартын шаардлага хангасан автомат анализаторыг 6 цэгт суурилуулан хэмжилт судалгааг хийж байна.

d Хэмжилт хийж буй автомат анализаторууд: Хүхэрлэг хийн – AF22M, UV fluorescent sulfur dioxide analyzer Азотын ислүүд- AC32M, Chemiluminiscent nitrogen oxide analyzer Нүүрстөрөгчийн дутуу исэл-CO12M, Gaz filter correlation carbon monoxide analyzer РМ10-MP101M,Suspended particulate beta gauge monitor Цаг уурын үзүүлэлт-VAISALA WXT520-Weather transmitter

s Хүйтний улиралд агаар бохирдуулж буй үндсэн бохирдуулах бодисын нэг нь хүхэрлэг хий юм. Хүхэрлэг хийн агууламжийг 1995 оноос эхлэн хоногийн дунджаар тодорхойлж эхэлсэн бөгөөд 1990-1994 оны дундаж агууламж үл мэдэг өндөр байгаа нь хэмжилтийн давтамжтай холбоотой юм. Хүхэрлэг хий нь аливаа хүхэр агуулсан түлшний шаталтаас үүсч агаарт хаягддаг бөгөөд хүхэрлэг хийн 2012 оны жилийн дундаж агууламжийг 1995 онтой харьцуулахад 8,5 дахин их, 2000 оноос 3,7 дахин их байна. Агаар дахь хүхэрлэг хийн өсөлт 1999 оноос ажиглагдаж эхэлсэн бөгөөд 2008 оноос эрчимтэй нэмэгдсэн байна. 2012 онд агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж (нийт 9 харуулаар тооцсон) 29,6мкг/м3 байгаа нь MNS4585:2007 агаарын чанарын стандартад заасан жилийн дундаж хүлцэх хэм хэмжээнээс 3 дахин их байгаа юм.

x Хүхэрлэг хийн агууламжийг улирлаар авч үзвэл түүхий нүүрсний хэрэглээ эрс нэмэгддэг хүйтний улирал буюу 10 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ийг хүртэлх галлагаатай үед эрс нэмэгддэг болох нь ажиглагдаж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламжийг нийт 9 цэгт тогтмол тодорхойлж байна. Хэмжилтийн дүнгээс харахад 1998-1999 оны хүйтний улирлаас эхлэн агаар дахь хүхэрлэг хийн агууламж тогтмол өсөж байсан нь харагдаж байна. MNS4585:1998 стандартыг 2007 онд шинэчлэн агаар дахь хүхэрлэг хий /SO2/-н хоногийн дунджийн хүлцэх хэм хэмжээ 20 мкг/м3 болсон бөгөөд 2008-2009 оны хүйтний улирлын дүнгээс харахад 10 дугаар сараас 4 дүгээр сарын хугацаанд хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламжууд хүлцэх хэм хэмжээнээс мэдэгдэхүйц давах болсон нь харагдаж байна. Хэмжилтийн цэг тус бүрийн дүнгээр гарч буй өсөлт, бууралтыг дундажлан Улаанбаатар хотын агаарын чанарт гарч буй өөрчлөлтийг үнэлэхэд 2011-2012 оны хүйтний улиралд өмнөх оны мөн үе болох 2010-2011 оны хүйтний улирлаас хүхэрлэг хийн агууламж 12,8 хувиар их байгаа бол 2012-2013 оны хүйтний улиралд өмнөх оны мөн үеэс дунджаар 16,9 хувиар бага байна.

c Дулааны улирал буюу 5-9 дүгээр саруудад халаалт дулааны үйлдвэрлэл бүрэн зогсч түүхий нүүрсний хэрэглээ эрс багасдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор агаар дахь хүхэрлэг хийн агууламж MNS4585:2007 агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан тохиолдол бараг ажиглагддаггүй байна. Дулааны улирал дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 2010, 2011 онуудаас бусад жилүүдэд харьцангуй өөрчлөлт багатай байсан нь ажиглагдаж байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламжийг сүүлийн 3 жилийн байдлаар харахад 2013 оны сарын дундаж агууламж жилийн туршид 2012 оны сарын дунджаас бага, 2011оны 1, 2 дугаар сараас бусад сарынх бага байна.

d Азотын ислүүд нь төрөл бүрийн шаталтаас (өндөр температур дахь шаталтын явцад илүү их ялгардаг) агаарт ялгарах бөгөөд гол эх үүсвэр нь цахилгаан станц, уурын болон ус халаах зуух, томоохон суурин эх үүсвэрүүд, автотээврийн хэрэгслүүд болно. Азотын давхар ислийн агууламжийг мөн 1995 оноос эхлэн хоногийн дундажаар тооцож эхэлсэн бөгөөд 1990 оноос 1994 оны дундаж агууламж өндөр байгаа нь хэмжилтийн давтамжтай холбоотой юм. Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн агууламж 1997 оноос нэмэгдэж эхэлсэн байна. 2012 оны жилийн дундаж агууламж 1995 оныхоос 2,4 дахин их, 2000 оны үеэс 1,5 дахин их байна. 2012 оны жилийн дундаж агууламж нь 46,5 мкг/м3 байгаа нь өмнөх оны үеэс 3,4мкг/м3-ээр бага байгаа боловч MNS4585:2007 агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс 1,55 дахин их байна.

d Хүйтний улирлын дүнгээс үзэхэд 2009 оноос эхлэн азотын давхар ислийн агууламж өссөн байна. Энэ нь хэмжилтийн цэгийн тоо, хэмжилтийн нарийвчлал өссөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой ч автотээврийн хэрэгслийн өсөлттэй мөн холбоотой. 2012-2013 оны хүйтний улиралд агаар дахь азотын давхар ислийн агууламж өмнөх оны мөн үеэс дунджаар 9,5%-иар их байна.

d Хүхэрлэг хийгээс ялгаатай нь зуны улиралд ч агаар дахь азотын давхар ислийн агууламж өндөр байдаг бөгөөд томоохон автозамуудын орчимд MNS4585:2007 Агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давах тохиолдол нилээд ажиглагддаг.Азотын давхар ислийн сарын дундаж агууламж 2013 оны байдлаар 1-7 саруудад 2011-2012 оныхоос их, 8-11 саруудад бага байсан байна.

d Агаарын бохирдлыг үүсгэж байгаа үндсэн бохирдуулах бодисын нэг нь 10 микроноос бага агууламжтай тоосонцор бөгөөд улирлаас шалтгаалан гол эх үүсвэр нь өөрчлөгдөж байна. Зуны улиралд үүсч байгаа тоосжилт нь гол төлөв газрын гадаргаас хүний үйл ажиллагааны нөлөө, дэд бүтэц, ногоон байгууламж муутайгаас гадна бүтээн байгуулалтын явцад үүсч байна. Бүтээн байгуулалтын явцад тоос тоосонцрыг орчны агаарт дэгдээхгүй байх арга хэмжээг авч ажиллах нь чухал юм. Өвлийн улиралд тоосонцор нь түүхий нүүрсний шаталт болон автозамаас үүсч агаарыг бохирдуулж байна.

d 2010 оны 7 дугаар сард автомат анализатороор хэмжилт хийснээр тоосонцрын хяналт шинжилгээний чанар, нарийвчлал эрс сайжирсан. Агаар дахь том ширхэглэгт тоосонцрын байнгын ажиглалт судалгааг баруун 4 зам, 13-р хороолол, 100 айл, цахилгаан станц, Ургах наран хорооллын орчимд тус тус хэмжиж байна. Улаанбаатар хотын агаарт том ширхэглэгт тоосонцрын хэмжээ 6- 8 дугаар саруудад хамгийн бага байдаг бол 12, 1, 2 саруудад хамгийн их байдаг. 2013 оны байдлаар 1-5 дугаар сард сарын дундаж агууламж нь 2012 оны сарын дунджаас бага, бусад саруудад өмнөх жилийн түвшинд байна. 2011-2012 оны хүйтний улирал буюу 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дунджаар 36,4%-аар их байсан бол 2012-2013 оны хүйтний улиралд өмнөх оны мөн үеэс дунджаар 22,9%-аар бага байна.

d Агаар дахь жижиг ширхэглэгт тоосонцор /РМ2,5 буюу 2,5 микроноос бага ширхэглэгтэй тоосонцор/-ын байнгын ажиглалт судалгааг баруун 4 зам орчимд 2011 оны 4 дүгээр сараас эхлэн хэмжиж эхэлсэн. Агаарт жижиг ширхэглэгт тоосонцрын хэмжээ 4- 9 дүгээр саруудад хамгийн бага буюу MNS4585:2007 Агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс бага байгаа нь харагдаж байгаа бөгөөд 2013 оны 1-3 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны сарын дундажтай харьцуулахад бага, харин 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс их байна гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.

d П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гамшиг:
худлаа байна ш дээ
2013-12-16
хуульч:
хүхэрлэг хийн агууламж буурна гэдэг маш сайн үзүүлэлт юм. хүхэр бол маш хортой бодис / хүхрийн хүчил ямар байдаг билээ / ба нүүрсэнд ихээр агуулагддаг. хүхэр багатай нүүрс гэр хороололд түлж байгаа юм байна. энэ бол засгийн газраас хамааралгүй харин нүүрсний уурхайнуудаас хамаарсан сайн үзүүлэлт юм даа.
2013-12-15