Чин вангийн нэрэмжит тэмцээнд Д.Эрхэмбаяр түрүүлжээ
Монгол Улсын Гадаад харилцааны анхны сайд Эрдэнэ дайчин хошой Чин ван Мижиддоржийн Ханддоржийн дурсгалд зориулан зохион байгуулагддаг өндөр шансаатай шатарчдын уламжлалт тэмцээн боллоо.
23 дахь удаагаа зохиогдсон энэхүү тэмцээнд ФИДЕ мастер Дүүрэнбаярын Эрхэмбаяр долоон оноогоор тэргүүлсэн юм. Их мастер Дашзэгвийн Шаравдорж мөн долоон оноогоор хоёрдугаар байр, ФИДЕ мастер Мягмарсүрэнгийн Гүнбаяр 6,5 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа.
Их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун тэргүүтэй 57 шатарчин оролцсон ба швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргажээ.
Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн чансааны эхний 64-т багтсан тамирчин, Гадаад харилцааны яамны ажилтан дипломат албаны 10 шатарчин оролцох эрхтэй байдаг. Өнгөрсөн жилийн тэмцээнд ФИДЕ мастер У.Насанжаргал аваргалж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ