НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлд санал авлаа
Сангийн яам, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс хамтран “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй зарим асуудлууд” семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд зохион байгуулсан тус семинарт 120 гаруй татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч оролцсон юм. Семинарыг дээрх хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагыг харгалзан татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллөөс санал авах үүднээс зохион байгуулсан аж.
.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудалтай байнга нүүр тулдаг байна. Тухайлбал, НӨАТ-ыг тооцох суурь нь тодорхойгүй байгаа, татварын тэгш шударга үр ашигтай байх зарчмыг алдагдуулсан хэт олон төрлийн чөлөөлөлтийн заалттай, хариуцлага хяналтын сул механизм болон НӨАТ-ын хуурамч падаан бичилт гэх мэт асуудлууд бий аж. Иймд татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд дээрх хуулийг улам боловсронгуй болгон шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг семинар зохион байгуулагчид онцолж байв.
_
Г.Алтанзаяа: Татварын хуулийн хэрэгжилтэд эцсийн хариуцлагын асуудал их чухал
_
“НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй зарим асуудлууд” семинарын үеэр ТМЗН-ийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяагаас дараах тодруулгыг авсан юм.
.
-Семинараас гарсан саналыг хуулийн шинэчилэлд тусгах юм байна. Оролцогчдын зүгээс НӨАТ-тай холбоотой ямар асуудлыг их хөндөж байна?
-Оролцогчид “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн босго байгаа нь хуурамч падаан бичих гэх зөрчлүүдийг бий болгож байна. Шударгаар татвар төлөгчдийн хувьд бэрхшээлийг үүсгэж байна. Нөгөө талаасаа НӨАТ-ын тооцоолол, бүртгэл, тайлагналынхаа хувьд стандартыг барьж нийцүүлэх, уг хуулийн гол зарчмыг бариач гэдэг асуудлыг их тавьж байна. Хөнгөлөлт, чөлөөлөлт ихсээд ирэхээр хуулийн гол зарчмыг алдагдуулж, гажуудлыг үүсгэдэг. Үүнд татвар төлөгчид нэлээд асуудлыг тавьж байна. Хуулийг хамгийн гол нь бэрхшээлгүй, хөнгөн хялбар хэрэгжүүлэх, заалтыг хүн бүрт ойлгомжтой байхаар хийх хэрэгтэй гэж бодож байна.
.
-Хуулийн шинэчилсэн хувилбартай танилцсан уу. Хэрэгжүүлэхэд хялбар болгох талаар хэр тусгасан байгаа бол?
-НӨАТ-ын шинэчлэлийн хувилбар Сангийн яаман дээр боловсрогдоод явж байгаа. Энэ талаараа Сангийн яамнаас товч танилцуулсан. Болж өгвөл татвар төлөгчийн хүсээд байгаа хөнгөн хялбар байдлаар гаргаж байгаа хэмээн ярьж байна. Ер нь бол татвар нийгмийг бүхэлд нь хамарч байдаг болохоор тэр бүгдийг төгс төгөлдөр болгоно гэвэл хэцүү. Ямар ч байсан өмнөхөөсөө дэвшил гарахаар тодорхой бодлогуудыг хэлж байна.
.
-Өчигдөр ТЕГ-аас НӨАТ-ын хуурамч падаан бичилтийн талаар олон баримт дэлгэсэн. Үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-НӨАТ-ын падааны залилангийн асуудал нийгэм нэлээд газар авлаа. Өчигдөр ТЕГ-аас 90 компанийн тайлан ирүүлэх эрхийг хаасан тухай зарласан. Татварын хуулийн хэрэгжилтэд эцсийн хариуцлагын асуудал их чухал байгаа. Ямар ч татварын хуулийг хэрэгжүүлнэ гэдэг бол тооцоолж, бүртгэж, тайлагнах ажил. Энэ ажлыг хийж байгаа эзнийг тодорхой болговол авах хариуцлага нь хуулинд тодорхой бий. Гэтэл өнөөдрийн байдлаар хэн дуртай нь татварын тайлан гаргаж байна. Энэ процесс чинь өөрөө залилан, хууран мэхлэлт рүү оруулчихаад байна. “Татварын мэргэшсэн зөвлөхийн тухай” хууль батлагдаад нэг болж байна. Энэ хуулийн гол санаа нь татварын тайлан хийдэг этгээдүүдэд эцсийн хариуцлагыг нь хүлээлгэх тогтолцоог бий болгох. Тиймээс Сангийн яам, ТЕГ-ын зүгээс эцсийн хариуцлагыг нь үүрэх эзэнтэй болгох асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм. Миний харж байгаагаар онлайнаар тайлан авч байгаа тохиолдолд итгэмжлэгдсэн нягтлан бодогч эсвэл тухайн байгууллагын хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нягтлан бодогч хоёрын гарын үсэгтэйгээр авдаг болговол хууран мэхлэлтийн процессыг илрүүлэх гол механизм болох юм. Энэ зохицуулалтыг хийх хэрэгтэй.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ