Н.Цэрэнсамбуу: Зарлагдах тендерийн 80 хувийг цахимаар явуулна
Тендерийг дагаад авлига, хүнд суртлын асуудал ихээр гардаг. Иймээс төсвийн бараа, ажил үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх, олон нийтийн хяналт дор ил тод явуулах үүднээс шилэн тендерийн тогтолцоог Худалдан авах ажиллагааны газраас нэвтрүүлж эхэлжээ. Энэ нь тендерийн асуудалтай холбоотой нийгэмд тогтсон гаж үзэгдлийг тодорхой хэмжээгээр бууруулахыг тус газрын мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн. Энэ оны байдлаар Худалдан авах ажиллагааны газраас 167 төсөл арга хэмжээг цахим байдлаар зохион явуулжээ.
.
Шилэн тендерийн асуудлаар тус газрын ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуутай ярилцлаа.
_
-Цахим тендер нь хуучин явагдаж байсан уламжлалт байдлаасаа хэр давуу талыг бий болгож байна?
-Өмнө нь тендер шалгаруулах процесс ил тод биш, нэг тендер болоод өнгөрөхөд тэнд ямар компани оролцож, ямар үнийн санал ирүүлсэн зэрэг нь тодорхойгүй, хязгаарлагдмал мэдээлэлтэй байсан. Түүнээс гадна тендерт оролцогч аж ахуй нэгжүүд нь оролцох тендерийн материалаа урьдчилан худалдаж авдаг байсан. Гэтэл худалдаж авсан материал нь тухайн компанийн шаардлагад нийцэхгүй байх тохиолдол цөөнгүй бий. Харин шилэн тендерт шилжсэнээр тухайн зарлагдаж буй тендерийн баримт бичиг үнэ төлбөргүй онлайнаар тавигдах болно. Иймээс хүссэн аж ахуйн нэгж тухайн тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж аван танилцах боломжтой. Ингээд тендерт оролцохдоо заавал биеэр ирэхгүйгээр, цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр онлайнаар тендерт оролцох боломж бүрдсэн. Тендерийн дүн, нээлтийн мэдээлэлтэй оролцсон аж ахуйн нэгжүүд мөн онлайнаар танилцах боломжтой.
_
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ бүтээгдэхүүн худалдан авах хуулиар ерөнхий шаардлагыг магадлах гэдэгт татвар, нийгмийн даатгалд өргүй байх гэх мэтчилэн олон зүйлийг шалгадаг. Тендерт оролцох аж ахуйн нэгж үүнийг нотлохын тулд төрийн байгууллагуудаар явж, тодорхойлолт авах шаардлага гардаг. Энэ нь маш их цаг хугацаа, чирэгдлийг бий болгодог тул төрд тухайн иргэн аж ахуйн нэгжийн мэдээлэл байгаа бол тэр мэдээллийг ахиж шаардахгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцож ажиллана. Энэ нь оролцогчдын зүгээс цаг зав мөнгө хэмнэхийн зэрэгцээ оролцох тендерийнхээ техникийн асуудалд илүү төвлөрч ажиллах болно.
.
-Цахим тендер бий болсноор үүнтэй холбоотой будилаан маргаан хэр цэгцрэх бол?
-Тендерийн будилаан маргаан зэрэг нь ерөнхийдөө ил тод биш байдалтай холбоотой. Гэтэл одоо тендерийн ерөнхий шаардлага болон компаниудын ерөнхий саналаа ил тод тавьчихвал иргэд үнэн зөв шалгаруулсан эсэхийг хянах боломжтой болж буй юм.
_
-Энэ жилийн хувьд 130 гаруй төсөл арга хэмжээний тендерийг танайх зохион байгуулахаар болсон. Энэ бүгд шилэн тендерийн журмаар явагдах уу?
-2014 онд мэрэгжлийн байгууллагын зохион байгуулах ажлынхаа 80 орчим хувийг, болж өгвөл 100 хувь цахим тендер шалгаруулалтаар явуулахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна аймаг, орон нутагт байгаа Худалдан авах ажиллагааны албадад цахимаар тендер зохион байгуулах сургалт мэдээлэл өгч ажиллаж байгаа. Эдгээр газрууд маань 50 орчим хувийг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Шилэн тендер дээр барьж буй бас нэгэн шинэ зүйл нь тухайн тендерт оролцож буй аж ахуйн нэгжийн тендерийн саналыг нь нээлттэй тавьдаг болох. Ингэхдээ тухайн компанийн нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусдыг нь тавина. Тухайлбал, нэг компьютер авлаа гэхэд ийм компани үүнийг нийлүүлэхдээ ийм санал өгсөн юм байна гэсэн тэр бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй тавихаар ажиллаж байгаа.
_
-Төрийн бараа үйлчилгээ үзүүлэхээр тендерт шалгарсан компаниуд чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, барих асуудал их байдаг. Үүнд эргээд хяналт тавих асуудлыг шийдсэн үү?
-Жишээ нь нэг гүүрийг чанаргүй барьсан байвал тухайн иргэн түүнийг нь баримтжуулаад энэ цахим системд нийтлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.
_
-Хэзээнээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн бэ?
-Одоогийн байдлаар баримт бичгээ үнэгүй тавьж, мөн тодорхой хэмжээнд бүрдүүлэх баримт бичгийг бууруулж байгаа. Харин ирэх оны долдугаар сарын 20 гэхэд дээрх бүх асуудлыг цогцоор нь шийдсэн байхаар төлөвлөж байгаа.
_
Төрийн байгууллагын урсгал зардал ард түмэнд ил болно
.
-Энэ онд цахим дэлгүүрийг бий болгоно гэж яриад байна. Энэ талаар тодруулаач?
-Цахим дэлгүүр буюу ерөнхий гэрээ гэсэн ойлголт Засгийн газрын худалдан авах ажиллагааны тогтолцоонд шинээр нэвтэрч байгаа. Төрийн байгууллага болгонд урсгал зардал буюу байнгын худалдан авдаг хэрэгцээт бараа, ажил үйлчилгээ гэж байдаг. Үүнд, бичгийн цаас, принтерийн хорноос эхлээд бензин шатахуун гэх мэт олон зүйл багтдаг. Эдгээр нь бага үнэтэй тул шууд гэрээгээр зохион байгуулагддаг. Тиймээс хаанаас, хэдээр, юу худалдаж авах нь тодорхойгүй байдаг. Иймд ерөнхий гэрээ гэдэг нь эдгээр зүйлсийн талаар судалгаа явуулж, тодорхойлоод үүн дээрээ тендер шалгаруулах юм. Уламжлалт тендерт нэг л компани шалгардаг байсан бол ерөнхий гэрээн дээр нэг буюу түүнээс дээш хэд хэдэн аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулна. Ингэхдээ нэг боодол цаас, нэг литр бензин гэх мэт нэгж үнэ дээр нь гэрээ байгуулж, цахим дэлгүүртээ нээлттэй байршуулах юм.
_
-Тэгэхээр зөвхөн ерөнхий гэрээ байгуулж, тухайн цахим дэлгүүрт мэдээлэл нь тавигдсан бараа үйлчилгээг л бүх төрийн байгууллагууд авч ашиглах ёстой гэсэн үг үү?
-Тийм. Судалгаагаар гарч ирсэн, байнгын ажил үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүнтэй байгуулсан ерөнхий гэрээтэй газраас авдаг болно. Ингэснээр магадгүй өмнө нь нэг аж ахуйн нэгжээс таван төрийн байгууллага бараа бүтээгдэхүүн авахдаа 5 өөр үнээр авдаг байсан байж болно. Харин ерөнхий гэрээ рүү шилжсэнээр зөвхөн тогтсон нэг л үнээр худалдаж авах юм. Түүнээс гадна тухайн төрийн байгууллагын хэрэглээний статистик мэдээлэл ард түмэнд нээлттэй ил тод болно.
_
-Ерөнхий гэрээ байгуулсан компаниуд хэтэрхий монопол болж, бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаа шахах үзэгдэл гарах юм биш биз?
-Сонгон шалгаруулалтыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдээс хийнэ. Цахим дэлгүүр дээр цахим каталоги гэж бий. Энд зах зээл дээр байгаа бүх бүтээгдэхүүний ангиллын код бий. Энэ дагуу тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн нийлүүлдэг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг оруулах хэрэгтэй. Ингээд мэдээллээ оруулсан компаниуд дотроосоо сонгон шалгаруулалтаа хийгээд тавьсан шаардлагад нийцсэн нэг гэхгүй нэлээд хэдэн компанийг оруулах бодолтой байгаа. Ингээд 3 хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулж, энэ хугацаанд нийлүүлж буй тухайн бүтээгдэхүүний үнэ, чанар хүргэлт үйлчилгээ зэрэг нь гэрээнийхээ дагуу байгаа эсэхийг хянах юм. Хэрвээ гэрээгээ биелүүлээгүй байвал тухайн компанийг хасаад дараагийн бүртгэлтэй компанийг оруулах жишээтэй.
_
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ